Ц.Цогзолмаа: Би Энхболд гишүүнийг намын даргатай танилцуулж, нэр дэвшихэд нь дэмжлэг үзүүлсэн
ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.
“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.
Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.
Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.
…УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “…Бүлгээрээ ойрд хуралдаагүй. Ярих нөхцөл олдож байгаад талархалтай байна. Би олон гишүүнтэй санал нэг байна. Том ойлголцолдоо санаа бодлоо нэгтгэхгүй болохоор цаашаа бид нар ойлголцоод явах дүр зураг өнөөдөр харагдахгүй байна. Тийм учраас энэ олон асуудлаа шийдэхгүй бол бид нар ч гэсэн, орж ирж байгаа дөрвөн гишүүн ч араас нь гишүүд орж ирээсэй гэж хүсэхгүй байгаа шүү дээ. 27 үүнийг хүсээд байгаа юм шиг буруу ойлголт байна. Уучлаарай, манай гишүүд тийм юм хүсээгүй ээ, Энх-Амгалан дарга аа. Тийм буруу юм та битгий ярь. Тэгж ярих юм бол энэ орж ирж байгаа дөрөв дотор чинь гэхэд Энхболд гишүүнийг би Намын даргад танилцуулж, уулзуулж, улс төрийн карьерийг нь, нэр дэвшихэд нь дэмжлэг үзүүлж явсан. Бид нарт бие биеэ үзэн ядах ямар ч шалтгаан байхгүй. Батзориг дарга хангалттай зүйлийг хэлээд өгчихлөө шүү дээ. Аягүй том сургамж боллоо. Тэгэхээр цаашаа яах юм бэ гэдгээ цаг алдахгүй нэгдсэн ойлголтод орж засахгүй бол бид нар улс төрийн тоглоом, хөндлөнгийн хүмүүсийн золиос болно. Бид нарыг хооронд нь ямар ч үнээр хамаагүй хагалаад эцэст нь МАН-ыг тараагаад, энэ суурин дээр УИХ-ыг тараах гэсэн юм утгаараа явж байна” гэлээ.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.16 ДАВАА №248 (6215)