145 сая ам.долларын хөрөнгийг үүрд нуугаад нас барсан эрийн цогцсыг дахин шалгахаар болжээ
Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2018 оны арван хоёрдугаар сард Канадын хамгийн том криптовалют арилжааны төв болох "Quadriga CX"-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жеральд Коттен хүнд өвчний улмаас нас барсан юм. Түүний цогцост задлан шинжилгээ хийсний үр дүнд халдварт өвчин туссаны улмаас нас баржээ гэсэн хариултыг эмч нар өгч байжээ.
"Quadriga CX" нь тухайн үед 100 мянга гаруй харилцагчидтай байсан бөгөөд тэдний нийт 145 сая ам.долларын хөрөнгө сураггүй алга болсон юм. Учир нь тус хөрөнгийг хадгалж байсан дансанд нэвтрэх эрх зөвхөн Жеральд Коттенд байжээ. Энэ үүднээс харилцагчид нь Коттеныг үхлээ хуурамчаар зохион байгуулсан хэмээн үзэх болсон бөгөөд түүний цогцост ахин задлан шинжилгээ хийхийг шаардах болсон байна.
Канадын шүүх "Quadriga CX"-ын харилцагч нарын хохирлыг барагдуулах шийдвэр гаргасан ч одоогийн байдлаар мөнгөө эргүүлж авсан хүн байхгүй байгаа учраас тэд ийм үйлдэл гаргаж байгаа аж.
Тэгвэл саяхан "Quadriga CX"-ын өмгөөлөгч нар Жеральд Коттены цогцост ДНХ-ын шинжилгээ хийх хүсэлтийг дүүргийн прокурорт гаргажээ. Ингэснээр тэд харилцагч нарын эргэлзээг арилгаж чадна гэж үзсэн байна.