Америкаас хориг тавивал хариу болгож зэвсгийн баазыг нь хаана хэмээн Эрдоган сүрдүүлжээ
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өөрийн улс дахь Америкийн цэргүүд байрлаж байгаа хоёр байгууламжийг "шаардлагатай бол" хааж магадгүй гэж мэдэгдэв. Тус хоёр баазын нэг буюу Инжирлик агаарын баазад АНУ-ын цөмийн цэнэгт хошууг хадгалдаг аж. Харин нөгөө бааз нь Курецик радарын станц юм.
Турк улс саяхан ОХУ-ын пуужингийн С-400 системийг худалдан авсантай холбоотойгоор АНУ Туркийн эсрэг хориг арга хэмжээ авна гэсний хариуд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ийм мэдэгдэл гаргажээ.
Мөн өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын сенат 1915 онд Туркууд зүүн Анатолийн нутагт 1.5 сая арменчуудыг үй олноор нь хөнөөсөн болохыг хүлээн зөвшөөрсөн нь Анкара болон Вашингтоны хооронд маргаан дэгдэх гол шалтгаан болсон байна.
Эрдоган телевизэд өгсөн ярилцлагадаа “АНУ-ын Сенат Арменийн геноцидыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг Туркийн Ерөнхийлөгчийн хувьд би хүлээж авахгүй. Мөн бидний эсрэг хориг арга хэмжээ авсан тохиолдолд Инжирлик болон Куречикийг хаах хүртэл арга хэмжээ авч болно. Хэрэв АНУ ийм байдлаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байвал бид ч бас хариу арга хэмжээ авах шаардлагатай." гэж мэдэгджээ.
Тэрбээр Инжирликийг хаах тухайд “Хэрэв бид ийм алхам хийх шаардлагатай гэж үзвэл мэдээж бүрэн эрх бидэнд байгаа. Би бүр өөрийн биеэр очиж тус баазыг хаасан ч чадна." гэжээ.
Туркийн Сирийн хилээс 100 км-ын зайд орших Инжирлик агаарын баазыг АНУ-ын стратегийн чухал газруудын нэг гэж нэрлэдэг. Мөн Куречик радарын станц нь баллистик пуужингийн дайралтаас сэрэмжлүүлэх НАТО-гийн гол хамгаалалтын баазуудын нэг юм.