Улаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон хүлээн авч уулзлаа. Уулзалтад Дэлхийн банкны зам тээврийн мэргэжилтэн Анника Берлин, Австралиас зам тээврийн ахлах инженер Филипп Жордан, НЗДТГ-ын ХБХТ-ийн дарга Н.Отгонбаяр, ТХХЗХ-ийн мэргэжилтэн Б.Золзаяа, НАЗХГ-ын ахлах мэргэжилтэн Г.Хасбаатар нарын албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтын үеэр Улаанбаатар хотын авто замтай холбоотой олон асуудлуудыг хэлэлцэж, санал бодлоо солилцсон юм. Хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд Дэлхийн банктай хамтран “Mapillary” программыг Улаанбаатар хотод нэвтрүүлсэн аж. Энэхүү программ нь 230 төрлийн автозамын босоо тэмдэг, тэмдэглэгээ, газрын зургийн өгөгдлийн алдааг шалгах, автозамын гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээний худаг, шүүрт худаг, автозамын хэвтээ тэмдэглэгээ зэргийн алдааг хянах ухаалаг программ юм.
Тус программын гол онцлог нь автозамын дэд бүтцийн аюулгүй байдлыг сайжруулах, хотын зам тээврийн хөрөнгийн менежмент төлөвлөлтийг сайжруулахад чиглэжээ.
Уулзалтын үеэр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Дэлхийн банк манай улсын зам тээврийн салбартай хамтран ажиллаад таван жил болж байна. 2018 онд анх авто замын бүтээн байгуулалтад зориулан “Mapillary” программыг нэвтрүүлсэн. Тус программыг нэвтрүүлснээр өмнө нь ямар зам байсан, одоо ямар болсон гэдгийг харьцуулах боломжтой болсон. Энэ ажлын хүрээнд 1100 километр авто замын 340 мянган зургийг авч ангилаад дуусч байна. Түүнчлэн бид Дэлхийн банктай хамтран ажлаа илүү хөнгөвчлөх, түргэн шуурхай болгох, авто замын нэгдсэн санг бий болгох үүднээс шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг хийж байна. Цаашид нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд дээр хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно” хэмээлээ.
ЭХ СУРВАЛЖ: ULAANBAATAR.MN