Н.Номтойбаярт хилийн хориг тавих эсэхийг шүүхээр дэнсэлж байна
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 11.00 цагаас хэлэлцэж эхлээд байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуралдааныг бүхэлд нь шууд дамжуулж өгөхийг шүүх танхимд байсан хэвлэлийнхнээс хүссэн ч "Шүүх хуралдааны явцад хэвлэлийнхнийг танхимд байлгах боломжгүй. Шийдвэр танилцуулах хэсэг хэвлэлийнхэнд нээлттэй" хэмээн шүүгч хэлснээр шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байгаа юм.
Тэрбээр "Намайг ямар зүйлд буруутай гээд байгаа юм. Бүх баримт нь надад байна. Хууль дүрмийн дагуу ажлаа явуулж байсан тогтоол, шийдвэр нь бүгдээрээ байна. Үүнийг аваад үз. Би бусдын нөлөөнд орж, ашиг сонирхол хөөдөг хүн биш. Сая тэмцээнээс ирээд гурван хоногийн хугацаанд холбогдох баримтаа олоод авчихлаа. АТГ-ын дарга нь зөвшөөрвөл хаалгыг нь онгойлгоод Та бүхний өмнө нээлттэй уулзчихмаар байна. Яллагдагчаар татагдсан хүнд нэг эрх бий. Тэр нь мэдүүлэг өгөх эрхгүй байх эрхтэй" өчигдөр мэдэгдсэн билээ.
С.Сүлд