Монгол Улс олон улсын зэрэглэлтэй онгоцтой болсон ч зогсоолоосоо хөдлөхгүй жил тойрлоо. МИАТ компанийн “Вoeing 737-8МАХ” онгоц хоёрдугаар сард “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан.Энэ өдөр нисэхийн салбарт МИАТ төдийгүй Монгол Улс дэлхийтэй хөл нийлүүлж алхсанаараа түүхэн гэдгийг тодотгож шинэ хөлөгт Чингисийн бага хүү “Тулуй хаан”-ы нэрийг өгч буйг зарлан тухайн үеийн Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар нар тосч байв.
“Тулуй хаан” хөлөг 9.100 км замыг 12 цаг туулахдаа ОХУ-ын Краснодорт бууж түлшээ сумласан. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглосон “Вoeing 737-8МАХ” агаарын хөлөг нь ижил төрлийн онгоцнуудаас 14 хувиар бага түлш зарцуулдаг, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд ээлтэйгээрээ давуу талтай.
Мөн зорчигч гар утас, таблетээрээ Wifi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Hollywood-ийн кино, үзвэрээс сонгон үзэх боломжтой онгоцоор Монгол Улс нислэг үйлдэж эхэлсэн нь энэ юм.
Гэвч төд удалгүй Боинг онгоц дараалан осолдож дэлхий нийтийг цочирдуулав. Дорнод Африкийн Этиоп улсын Ethiopian Airlines компанийн Boeing 737 нисэх онгоц осолдож, хөлөгт байсан 157 хүн амь үрэгдсэн. Индонезийн “Lion Air” компанийн “Boeing 737 Max-8” нисэх онгоц осолдож, 189 хүн амиа алдсан харамсалтай үйл явдлын дараагаас улс орнууд Боинг загварын онгоцны нислэгийг цуцалж эхэлсэн юм. Манай улс ч мөн адил “Тулуй хаан” “Вoeing 737-8МАХ” хөлгийн нислэгийг түр цуцалсан. Энэ нь “Тулуй хаан” хөлгийг хүлээж авснаас ердөө сар гаруйн дараа юм. Гэвч энэ өдрөөс хойш бараг жил болж байхад “Вoeing 737-8МАХ” хөлөг зогсоолоос хөдөлсөнгүй. Дэлхий нийтээр ослын шалтгааныг хайж олон төрлийн таамаг дэвшүүлж байгаа ч бараг жилийн хугацаанд манай албаныхан ам нээсэнгүй. Харин монголчуудын дунд “Тулуй хаан” хэзээ хөөрөх, сул зогсолтын түрээсийн мөнгийг төлж байгаа эсэх, түрээсийн гэрээ яах хэрхэх, алдангийг нь хэн хүлээх вэ зэргээр түмэн асуудал дэвшүүлж түүнийг дагасан олон янзын таамаг эргэлдэж байна.
“Вoeing 737-8МАХ” онгоцны нислэгийг зогсоосны дараахан МИАТ ТӨХК-ийн Нислэг, үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.Ганболд тайлбар өгөхдөө “Хурлын үеэр нисэх багийн сургалттай холбогдуулан авиа компаниуд юу хийх ёстой, үүн дээр Boeing компани ямар дэмжлэг үзүүлэх талаар болон тус онгоцны техник үйлчилгээний бичиг баримтууд дээр ямар өөрчлөлт орох талаар яриад явж байгаа. Үүнтэй холбоотойгоор зардал мөнгөний асуудал яригдаж, үйлдвэрлэгч гэдэг утгаараа Boeing компани авиа компаниудаа хэрхэн дэмжих талаар санал солилцсон.
“Boeing 737 Max-8” загварын онгоцтой холбоотой асуудлыг зөвхөн Boeing компанитай ярихгүй. Мөн түрээслэгч “Avolon” компанитай ярьж байгаа. Түрээсийн гэрээний дагуу бүх үйл ажиллагаа явагдана” гэж байв. Харин үүнээс хойш есөн сар гаруй боллоо. Түүнчлэн хоёр дахь онгоцоо тавдугаар сард хүлээж авах байсан ч хойшлуулаад байгаа юм.
“Вoeing 737-8МАХ” онгоцыг манай улс 12 жилийн түрээсээр авсан. Ингэхдээ сард 400 мянган ам.доллар төлдөг талаар онгоцыг хүлээж авах үеэр МИАТ компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр хэлж байв. Тэрээр “Манай компани 2011 онд “Боинг” компанитай шууд гэрээ хийж анх нэг “Боинг В767” болон хоёр ширхэг Боинг В737”, нийт гурван хөлгийг шууд худалдан авснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн. Шууд гэрээний дагуу анхны онгоцуудыг худалдан авч байсан боловч улс орны болон компанийн санхүүгийн хямралаас шалтгаалан дараагийн агаарын хөлгүүдийг түрээсийн гэрээ хийн авч ирсэн юм. Өнөөдрийн шинэ онгоцыг сарын 400 гаруй мянган ам.доллараар мөн түрээсийн гэрээгээр авч байна. МИАТ компани долоон “Боинг” агаарын хөлөгтэй болж байна. Шууд хамтын ажиллагааны онцлог нь бид түрээсийн төлбөрөө шууд төлж буй. Мөн тухайн сардаа төлж буйгаар онцлогтой. Манай компаниар зорчигчдын тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад 16 хувиар нэмэгдсэн. Энэ жил БНСУ-ын хоёрдогч тээвэрлэгч орж ирж өрсөлдөөн бий болох ч зорчигчдын тоо долоон хувиар нэмэгдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Боинг”, “Аволон” компанитай гурван талт хэлцэл хийж, дөрвөн ширхэг “Вoeing 737-8МАХ” агаарын хөлөг хүлээн авахаар болсны эхний онгоцоо ийнхүү хүлээн авлаа” гэдгийг хэлж байсан. Тэгэхээр дээр дурдсанчлан “Тулуй хаан” хэзээ хөөрөх, сул зогсолтын түрээсийн мөнгийг манай улс төлж байгаа эсэх, түрээсийн гэрээ хэрхэх, алдангийг хэн хүлээх, дараагийн онгоцуудаа авахаар гэрээ хийсэн бол хэрхэх зэрэг олон асуулт хариу нэхэж байна. Харин “Тулуй хаан” Боинг онгоц хэзээ хөөрөх нь битгий хэл ам нээх хүн энэ салбарт нэг ч алга. Бид хөлөгтэй холбоотой асуудлаар мэдээлэл авахаар салбарын яам, агентлаг, хариуцагч иргэний агаарын тээврийн компанитай холбогдсон ч мэдээлэл өгөхөөс эрс татгалзав.
Зам тээвэр хөгжлийн яам “Манай яаманд Боинг онгоцны асуудал хамаагүй” гэсэн бол ИНЕГ “Мэдээллийн шинэчлэл хийгдэж байгаа юм шиг байна лээ. Үүнээс өөр тайлбар өгөх боломжгүй. МИАТ компанис асуу” гэлээ. Харин МИАТ компанитай удаа дараа холбогдсон ч “Боинг онгоцны талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Салбарын яамнаас эхлээд хариуцаж байгаа хүмүүс нь шат шатандаа ам нээх сонирхолгүй байгааг бодоход сард тэрбум төгрөгийн түрээс төлөөд, үйлдвэрлэгч талтай тохиролцож чадахгүй суугаа юм биш биз гэх хардлага төрөхөөр байна. Мөн улс орон нийтээрээ бүсээ чангалж, хэтэвчээ хэмнэж байхад иргэний агаарын тээвэрлэгч компани нь сард тэрбум төгрөгийн түрээсийн гэрээтэй агаарын хөлөг гаднаа сойчихоод тансаглаж суугаа юм биз. Тиймээс олон нийтийн сэрдлэгийг тайлж, асуултын хариуг өгнө үү.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин