Монгол Улсын хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлж, бусдад худалдсан гэх хэргээр саатуулагдан шалгагдаж буй Нигерийн иргэдэд холбогдох шүүх хурал өчигдөр /2019.12.12/ болжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын иргэн Адекола Олавасен Азеезд зургаан жил, Анози Дарлингтон Донд гурван жил, Монгол Улсын иргэн У.Ариунзулд гурван жилийн хорих ял оноож шийдвэрлэлээ.
Хэргийг эргэн сануулбал, 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Нигерийн гурван иргэн, тэр дундаа сургалтын төвийн багш, 31 настай Адекола Олавасен нь хар тамхи илгээмжээр авсныг илрүүлж, баривчилсан. Ингэхдээ түүний шуудан илгээмжээс ICE буюу “мөс” гэх 500 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхийг хураан авсан юм. Өөрөөр хэлбэл, дээрх этгээдүүд англи хэлний сургалтын төвд ажиллаж байсан бөгөөд бүлэглэн сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлж, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлджээ. Үүнээс гадна У. Ариунзул нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон аж.