Америкийн сансар судлалын хүрээлэн Ангараг гариг дээрээс ус олохын тулд 30 гаруй жилийн турш судалгаа хийж байгаа юм. Тэгвэл саяхан тус хүрээлэн Ангарагийн хөрсний доор их хэмжээний мөс байгааг илрүүлсэн болохыг "Geophysical Research Letters" сэтгүүл дурдсан байна. Өөрөөр хэлбэл ирээдүйд тус гариг дээр очсон сансрын нисгэгчид хөрсний доор байгаа мөсийг олборлон ундны ус болгох бүрэн боломжтой юм.
Тус судалгаанд Ангарагийн хөрсний доор хэр их хэмжээний ус байгааг дурдаагүй ч яг хаана байгааг газрын зургийн хамт нийтэлжээ. НАСА олон тооны хиймэл дагуул болон роботуудыг олон жилийн турш илгээсний хүчинд ийм нээлтэд хүрч чадсан байна.
НАСА-гийн ахмад судлаач Силвайн Пичуекс зарим газарт хөрсний ус маш ойр байгаа бөгөөд энгийн худаг хүртэл барих боломжтой болохыг цохон тэмдэглэсэн юм. "Ойрын ирээдүйд тус гаригт очих сансрын нисгэгчид ингээд ундны усанд санаа зовох хэрэггүй боллоо. Дээрээс нь Ангараг дээр шинэ колони барих нь энгийн нэг мөрөөдөл биш гэдгийг баталлаа." гэж тэрбээр хэлсэн байна.