Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ.
Улмаар НДШ-ийг хоёр хувь нэмэгдүүлэх асуудалд тавьсан хоригийг хүлээн авлаа. Харин 2020 оны төсвийн тухай хууль болон Ирээдүй өв санд тавьсан хоригийг хүлээж авахгүй байхаар шийдвэрлэcэн юм.
Ерөнхийлөгчийн зүгээс "2017 оноос хойш хадгаламжийн хүүгийн, хувь хүний орлогын, газар эзэмших, ашиглах эрх борлуулсны, импортын тамхины, согтууруулах ундааны, суудлын авто машины, шатахууны зэрэг 7 төрлийн татварыг нэмэгдүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг 3 хувиар өсгөөд байгаа бол 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл дахин 2 хувиар өсөж, ард иргэдийн амьдралд учирч байгаа хүндрэл, дарамтыг улам нэмэгдүүлэн, бүрэн туйлдуулах нөхцөл бүрдээд байна.
Төсвийн үрэлгэн зардлуудыг танах, төрийн байгууллага, албан тушаалтнуудын тансаглалыг зогсоох, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд эргэлт, өөрчлөлт авч ирэх үр өгөөжтэй, хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх ажил хэрэгч санал, шаардлагуудыг үл хэрэгсдэг атлаа татвар, төлбөр, шимтгэлийг нэмэгдүүлэх замаар нэг гараараа иргэдийнхээ халаасыг тэмтрэн, нөгөө гараараа тойргийнхоо иргэдийг халамжилдаг эрх баригчдын энэ харалган, сонгуульд чиглэсэн явцуу бодлого улс орны амьдрал, хөгжилд гол түшиг болдог дундаж давхаргыг үгүйрүүлэх нэн таагүй үр дүнд хөтөлж, засаж залруулахад туйлын төвөгтэй, хүнд нөхцөл байдалд хүргэж байна" хэмээн хоригтоо дурдсан байдаг.
Б.Лхам