Ватикан улс төсвийн алдагдлаа нөхөхийн тулд ядууст зориулсан хандивыг ашиглаж байна
"The Wall Street Journal" сонинд Ватикан ядуусын тусын тулд ирж байгаа хандивын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөж байгаа талаар нийтлэл гарчээ. Тус нийтлэлд дурдсанаар жилд Ватиканы ядууст зориулсан хандивын санд дэлхийн өнцөг булан бүрээс 55 сая ам.доллар цуглардаг бөгөөд үүний ердөө 10 хувийг үндсэн зорилгынх нь төлөө зарцуулдаг аж. Харин үлдсэн мөнгө нь жилээс жилд буурч байгаа Ватиканы төсөвт төвлөрдөг ажээ.
Тус нийтлэлд мөн "Католик Сүмийн зарим удирдагчид сүсэгтэн олны хандивыг буруугаар ашиглаж байгаа нь Ромын Пап лам Францисын удирдлагад итгэх итгэлийг алдагдуулж болзошгүй юм" гэж мэдэгджээ. Гэхдээ Католик сүмийн хуулинд пап лам хүмүүсийн өгсөн хандивыг ямар ч хэлбэрээр ашиглаж болно гэсэн байдаг аж.
Ватиканийн НҮБ-д суугаа төлөөлөгчийн газар энэ талаар тайлбар өгөх хүсэлтэд тэр даруй хариу өгсөнгүй.
2013 онд Пап Францис сонгогдсоноос хойш Ватиканы нийт хөрөнгийн хэмжээ 775 сая ам.доллараас 665 сая ам.доллар болтлоо буурчээ.
Үүний зэрэгцээ 2013 оноос хойш төсвийн алдагдал хэд дахин нэмэгдэж, 76 сая ам.доллараас 333 сая ам.долларт хүрсэн байна.