Дональд Трамп жүүд хүмүүсийг тусдаа үндэстэн гэж үзэх зарлиг гаргажээ
Ерөнхийлөгч Трамп лхагва гарагт Иудаизмийг Иргэний эрхийн тухай хуулийн дагуу зөвхөн шашин биш арьс өнгө, үндэстэн гэж тодорхойлох зарлигт гарын үсэг зурав. Өөрөөр хэлбэл АНУ-ын хуульд Иудаизмийн шашин буюу Еврей шашинтай хүмүүс одооноос эхлэн тусдаа үндэстэн гэж авч үзэх юм байна.
"Энэхүү шийдвэр нь их дээд сургуулиуд дахь еврейчүүдийн эсрэг үзэл бодлыг шийдвэрлэх зорилготой юм. Мөн Израилийн эсрэг үзэлтэй хүмүүстэй илүү шаргуу тэмцэхэд тус болно"гэж Иргэний эрхийн боловсролын газрын хэлтсийн дарга Кеннет Маркус Нью-Йорк Таймс сонинд өгсөн ярилцлагын үеэр хэлжээ.
Кеннет Маркус өмнө нь еврей сурагчдыг элсүүлэх тал дээр асуудал гаргасан Пенсильванийн их сургууль, Стэнфордын их сургуулийн эсрэг мөрдлөг явуулж байсан юм.
Тэрбээр мөн Нью-Йоркийн их сургууль, Хойд Каролинагийн Чапел Хилл, Ратгерсийн их сургуульд еврей оюутнуудад дайсагнасан орчин бүрдүүлсэн гэх хэрэг тулгаж байжээ.
Америкт сүүлийн саруудад хэд хэдэн удаагийн еврей хүмүүсийн эсрэг халдлага гарсны дараа энэхүү зарлигт Трамп гарын үсэг зурж байгаа нь энэ аж. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн мягмар гаригт Нью-Жерси мужийн Жерсигийн нэгэн хотын хүнсний дэлгүүрт байсан 3 еврей залууг нео-нацистууд буудаж хөнөөсөн юм.
Трампын еврей гаралтай хүргэн Жаред Кушнер энэ зарлиг нь еврей оюутнуудыг хамгаалах зорилготой гэж Нью-Йорк Таймс сонины лхагва гаригт өгсөн ярилцгадаа дурджээ. Энэхүү зарлиг нь Америк дахь еврей хүмүүсийг улам тусгаарлагдмал болгоно гэсэн шүүмжлэлийн хариуд Кушнер: "Хүмүүс энэ хуулийг еврей хүмүүсийг тусгаарлах зорилгоор гаргасан гэж шүүмжилж байна. Гэхдээ үнэн хэрэгтээ үүний тусламжтайгаар еврей хүмүүс АНУ-д албан ёсоор үндэстэн гэж хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм." гэжээ.