Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын өчигдрийн /2019.12.11/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Энэхүү хуулийн төсөл батлагдвал Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газартай хамтран “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх юм.
Ингэснээр Онцгой байдлын байгууллага нисэх нэгж шинээр байгуулан, агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын 3 нисдэг тэрэг, нисэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангар, шатахуун цэнэглэх станц нийлүүлэгдэж, нисдэг тэрэгний 12 нисэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмчийг сургаж бэлтгэх юм.
Мөн төслийн хүрээнд хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, нефтийн бүтээгдэхүүн түүнийг хадгалдаг агуулах болон онц чухал обьектын гал түймэр унтраах 42 нэгж тусгай зориулалтын шинэ автомашинууд нийлүүлэгдэнэ.
Тус төслийг хэрэгжүүлэх санхүүгийн зээлийн гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филипп Мэрлин нар гарын үсэг зурсан билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.