9 настай гоц ухаант хүү Лаурент Симонс өөрийн суралцдаг Нидерланд улсын Эйнтховений технологийн их сургуулиа хаяхаар болжээ. Тэрбээр цахилгааны инженерийн чиглэлээр суралцдаг бөгөөд сургуулийнхаа удирдлагатайгаа хэзээ төгсөх тал дээр зөрчилдсөн юм байна.
Лаурент энэ оны 12-р сард төгсөх хүсэлтэй байсан бөгөөд Эйнтховений технологийн их сургуулийн удирдлагууд түүнд 2020 оны дундуур төгсөх шаардлага тавьсан аж. Тус сургуулийн эрхлэгч "Энэ сард шууд төгсөнө гэдэг дэндүү яарч байгаа хэрэг" гэж сэтгүүлчдэд хэлжээ.
Харин хүүгийн эцэг Мартин Симонс "Миний хүү бусдын 3 жил суралцаж байж авдаг цахилгааны инженерийн бакалаврын зэргийг 10 сарын дотор авах хүсэлтэй байсан юм. Гэхдээ сургууль нь ингэхийг түүнд зөвшөөрсөнгүй" гэж мэдэгдсэн байна.
Одоо Лаурент Симонс АНУ-д суралцахаар төлөвлөж байгаа бөгөөд түүнд 2 сургууль шууд докторын зэрэг хүртэл суралцах тэтгэлэг санал болгосон байна.
Лаурент Симонс энэ талаар "Амьдрал боломж олговол түүнийг шууд хүлээж авах хэрэгтэй. Тийм зүйл ахиж тохиолдохыг бидний хэн нь ч тааж чадахгүй" гэж хэлжээ.