Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Монгол Улсын 2020 оны улсын төсөвт хэсэгчлэн хориг тавьсан. Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хоригийг УИХ дахь МАН-ын бүлгээс зөвхөн НДШ-ийн нэмэгдүүлэх асуудлыг хүлээж авах шийдвэрийг гаргасан. Харин бусдыг нь хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. Бүлгийн энэхүү шийдвэрийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд дэмжлээ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авахгүй гэдэг байр суурьтай байсан. Улсын төсөвт, түүнд нь хөрөнгө оруулалтад тавьсан хоригийг хүлээж авахгүй гэж Бүлэг, Байнгын хорооноос үзлээ. Монгол Улсад шинэ сургууль, дэд бүтэц, замын асуудал хэрэгтэй. Хил боомтын дэд бүтцийг хангах ажлыг хийх ёстой. Тэгж байж газрын баялаг хилээр хулгайгүй гардаг, татвараа бодитоор авдаг боломж бүрдэнэ. Үүнийг зогсоох ёсгүй. Төсийн байнгын хорооны гишүүд улсын төсөвт тавьсан хоригийг хүлээж авахгүй гэдэг шийдвэр гаргаж байна.
Харин НДШ-ийн нэмэгдэлд тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Өмнө нь хэлж байсан байр сууриа давтаж хэлье. НДШ-ийг нэмэх тухай асуудал 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд шийдсэн асуудал.
Ч.Хүрэлбаатар гэдэг хүнийг Сангийн сайдаар томилогдохоос өмнө шийдэгдсэн. ОУВС-гийн хөтөлбөрт орсон улс орнуудад зээл олгодог. Ингэхийн тулд Монгол Улсын төсөвт тодорхой үзүүлэлтүүд хангагдсан байх ёстой гэдэг шаардлага тавьсан. Нийгмийн даатгалын сан нь нэгдсэн төсөв дотроо бүрэлдэхүүн хэсэг болж ордог. Алдагдал өндөр байсан учраас алдагдлыг бууруул гэдэг шаардлага тавьсан. Энэ хүрээнд НДШ-ийн хувь хэмжээг нэмэх болсон.
Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сан 605 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Үүнийг бууруулах амлалтыг ОУВС-д өгсөн юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдэлд тавьсан хоригийг ОУВС-гийн хөтөлбөрт тавьсан хориг гэж үзэж байна” гэлээ.