Анхны цахилгаан хөдөлгүүртэй нисэх онгоцыг амжилттай туршжээ
Дэлхийн анхны бүрэн цахилгаанаар ажилладаг нисэх онгоцны туршилт Канадын Ванкувер хот дахь "Harbour Air" баазад амжилттай болж өнгөрчээ. "Harbour Air"-ын үүсгэн байгуулагч Грег Макдугал "DHC-2 de Havilland Beaver" загварын далайн нисэх онгоцыг өөрийн биеэр жолоодон агаарт 3 минутын турш хөөрсөн бөгөөд энэхүү түүхэн үйл явдлыг 120 хүн үзэж сонирхсон байна.
"Havilland Beaver үнэхээр ярихын аргагүй сайн нислээ. Цахилгаан хөдөлгүүр түлшээр ажилладаг хөдөлгүүрээс хамаагүй чимээ багатайн дээр хөнгөн ажиллаж байна. "гэж Грег Макдугал хэлсэн байна.
Грег Макдугал мөн энэхүү нислэг нь ердөө эхний алхам бөгөөд 2 жилийн дотор энэхүү онгоцоороо зорчигчид зөөх зөвшөөрөл авах болно гэж мэдэгджээ.
"Harbour Air" нь 11 сарын өмнө Сиэтлд төвтэй "MagniX" компанитай хамтарч Олон улсын сансрын станцад ашиглагддаг NASA-ийн батлагдсан лити-ион батарейгаар ажилладаг цахим онгоцны хөдөлгүүрийн системийг зохион бүтээжээ.
"Энэ бол мэдээжийн загвар. Гэхдээ бүх талаараа энэ бол хамгийн өндөр технологийн тоног төхөөрөмж юм. Гэхдээ энэ хөдөлгүүрийн санааг 62 жилийн өмнө гаргаж байсан юм шүү дээ." гэж Грег хэлжээ
"MagniX"-ын гүйцэтгэх захирал Рой Ганзарски "2019 оны 12-р сарын 10 нь цахилгаан нисэх шинэ онгоцны эрин үе эхэлсэн өдөр боллоо. Бид энэхүү цахилгаан онгоцоор богинын болон дундын зайн нислэг үйлддэг болох бөгөөд үүний зардал нь галт эсвэл машинаар явснаас илүү хямд байх болно" гэж мэдэгджээ.