Эхнэрийнхээ хандыг дарж, ганц нэг загнаач л гэх юм!
Миний гэргийг эрх л гэх юм.
Намайг түүндээ базуулжээ л гэцгээх болж.
Толгойн дээр чинь сандайлаад суучихжээ.
Тоотой хэдэн удаа хандыг нь дараач гэх юм.
Хошуу амаа унжуулаад хүүхэд шиг юм аа л гэж муулна.
Хамаг байдгийг чинь сорж дууслаа шулмаа шулам л гэнэ.
Эхнэрийнхээ үгнээс гарахгүй эрийн сүгээ л гэж ярих юм.
Эрх нь чамд байгаа ихдээ ганц нэг зандраач л гэх юм.
Урд хойгуур нь битгий гүйж бай даварчихна гэх юм.
Уйлах нулимсаараа чамайг дийлэх гэж үзнэ битгий тоо гэцгээх юм.
Эхнэрээ дэндүү их гоёх юм болиоч л гэнэ.
Энэ эмэгтэйгээс ч сайхан нь олдох л байсан гэж дэмийрнэ .
Гэргийгээ болгох гэж би хэдэн жилүүдийг сахиж
Гараас нь хөтлөх гэж түмэн удаа зориг гаргаж
Хань минь болооч гэж эцгийнх нь нүдэн дээр жаргал амласан.
Хайрлаж чаднаа гэж эхийн нь нүүрэн дээр андгай өргөсөн.
Аавынх нь галаас тусгаарлаж аваад гарсан болохоор
Ээжийнх нь энгэрээс салгаж эхнэрээ болгох гэж дагуулсан болохоор
Эрхлүүлж нялхруулж хошуу дэвссэн ч багадна
Энэ эмэгтэйгээ үүрд эрхлүүлсэн ч чадна...