Д.Урианхай: Хүн ганцаараа хорвоогийн хамгийн үнэт капитал биш
-Зах зээлийн харилцаа бол адгууслаг харилцаа-
Нэрт зохиолч, яруу найрагч Д.Урианхайтай 1999 оны 12 дугаар сарын сүүлчээр буюу 2000 он (21 дүгээр зуун) гарахын өмнөхөн уулзаж, ярилцаж билээ. Тухайн үед Монгол оронд ардчилсан “хувьсгал” ялаад 10 дахь жил рүүгээ орох гэж байсан юм.
-Та нэг удаа ярилцлага өгөхдөө “Хүн төрөлхтний ахуй надад ер таалагдахгүй байна” гэж эгдүүцсэн, бас нэг ярилцлагадаа “Зах зээлийн харилцааны мөн чанар миний дотоод ертөнцийн шинж чанарт харш учир би ийм нийгмийн харилцааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн. Миний бодоход та этгээд хүний имиж хүссэндээ хэлээгүй байх. Дээрх үгнүүдийн тань талаар юуны өмнө тодорхой тайлбар хүсвэл болох уу?
-Эхлээд л шууд хэлэхэд Монголын өнөөгийн зах зээлийн харилцаа бол мөлжлөгийн харилцаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Итгэмтгий, цагаан ард түмнээ мэхэлсэн зальхай хууль боловсруулж “капиталын анхны хуримтлал” бий болгосон цөөн хэдэн луйварчид, хулгайчид зэрэг эдийн засгин бохир бүлэглэлийн гарт улс орны нийгмийн баялаг хувьчлал нэрээр хуримтлагдаж, цаашаа дамлагдах, гадаадын банкинд угаагдах, эсрэг тэнхлэгт нь Монголын ард түмэн үйл олноороо хоосрох, эд мөнгөний дуулгавартай боол болох, юун нөгөө “Хүмүүнлэг, иргэнлэг харилцаат нийгэм”-ийн ардчилал, тэгш эрхээ эдлэх байтугаа хүн гэж тоогдох ч эрхгүйгээр хөсөр хаягдаж байна. Монголын өнөөгийн нийгмийн харилцаа бол жинхэнэ хүмүүнлэг зарчимт нийгмийн харилцаа огт бус, үнэн чанартаа өмч хөрөнгийн аманцар, үтэр бохир харилцаанд ард түмнийг албадан оруулж буй эмгэнэлт хүчирхийллийн харилцаа юм. Иймд би Монголын өнөөгийн нийгмийн мөн чанартай, мөн энэ төр засгийн үйл ажиллагаатай алба ёсоор иргэний үл эвлэрэл зарлаж, “Бодь сэтгэл-Эв хамт ёс” ганцаарчилсан хөдөлгөөн үүсгэж буйгаа тунхагласан. Өнгөрсөн хугацаанд би 1990 оноос хойших Монголын нийгмийн тогтолцооны шударга бус, эрх тэгш бус, хүмүүнлэг бус мөн чанарыг бодитойгоор тайлбарласан, ард олондоо ойлгуулахыг хичээсэн олон өгүүлэл, мэдэгдэл, ил захидал, нийгэм-философийн трактат бичиж сонин хэвлэлд нийтлүүлж, хамгийн иргэнлэг, хүмүүнлэг, ёс суртахууны тэмцэл хийсэн. Ганц хүний хийж буй ажлыг тэмцэл гэж нэрлэж болдог бол шүү! /инээв/.
Би хөдөлгөөнөө яагаад заавал “Бодь сэтгэл-Эв хамт ёс” гэж нэрлэсэн юм бэ гэвэл “Бодь сэтгэл” гэдэг нь хүмүүс бие биеэ эх, үрийн сэтгэлээр энэрэн хайрлах, өөрийгөө “Би” гэх, эд юмсыг “Минийх” гэх аминч сэтгэлээс ангижрах, бусдад бурханы их бодь нигүүлсэхүй сэтгэлээр амь нас харамгүй тус болох ариун, гэгээн чанарыг биедээ төгсгөхийн учир утгыг, эв хамт ёс гэдэг нь “Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө” амьдрах, бүтээх, өөрийгөө бүрэн зориулах дээд ухамсар, зүтгэлийн утга зорилгыг агуулан илэрхийлж байгаа юм. Хүн төрөлхтний нийгэм, түүхийн сэтгэлгээ 10 орчим мянган жилийн турш хөгжөөд, хөгжөөд үүнээс илүү зөв, илүү ухаантай харилцааны буюу ахуй оршилын зарчим олоогүй гэж би боддог. Хэрэв хувь хүмүүс нийгэм бүрдүүлэн нэгдэж, тодорхой зохион байгуулалттайгаар бие биеийнхээ өмнө иргэний үүрэг хариуцлага хүлээн хамтран амьдарч, хүн хэмээн биологи төрөл, удам угшилаа таслалгүй түүхээ бүтээж, цаг хугацааны төгсгөлгүй үргэлжлэлд оршин тогтнох хувь тавилангийнхаа оноог биелүүлнэ гэх юм бол энэ зарчим хүн төрөлхтний оршихуйн үндсэн зарчим байх болно. Харин зөрчигдсөн тохиолдолд хүн төрөлхтөн байгалийн их оршилын жамаас ч юм уу тэнгэр бурханаас гэсгээл цээрлэл хүртэж сөнөх болно. Байгалийн их оршихуйн нөхцөл, ахуй зохиролын чинад мөн чанарыг огоорон, бүтээх бус дан хэрэглэх, ашиглах зарчимтай үйл ажиллагаа явуулснаасаа болоод хүн төрөлхтний хэд хэдэн оргил үеийн соёл иргэншил сүйрч мөхсөн. Өнөөгийн хүн төрөлхтний ахуй амьдралыг яагаад буруу байна гэж шүүмжлээд байна вэ гэвэл, яг тэр эмгэнэлт түүхийнхээ алдааг, өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний элэнц хуланц түрүү үеийг газрын хөрснөөс арчуулах гэсгээлд хүргэсэн, тэдний бүтээсэн эдийн болон оюуны түүх дурсгалыг булшилсан үйл ажиллагааных нь алдас бурууг өнөөгийн хүн төрөлхтөн урьдынхаасаа хэд дахин өсгөн хурдтайгаар давтаж байгаа юм. Хүний нийгэм өмч, харилцаанаас татгалзахгүйгээр, оюунлаг, ёс суртахуунлаг, дотоод ахуйгаа төгөлдөржүүлэх бүтээлч харилцаанд яаран шилжихгүйгээр нөр их урт хугацаагаар оршин тогтнож хэрхэвч чадахгүй. Гэтэл монголчууд бид прагматик сэтгэхүйт Америкчууд, Европынхон, Зүүн өмнөд Азийнхны аж амьдралын харалган буруу хэлбэрийг дууриан, нийгэм журмын жинхэнэ хүмүүнлэг, зөв, сонгодог ахуй харилцаанаас урван тэнэглэлээ. Хүний ухаан орсон наснаасаа, боловсрол олсон үеэсээ эхлээд “Хүн хүндээ нөхөр” гэдэг ёс суртахуунаар хүмүүжиж, “Эх орны юм-Миний юм” гэх ариун дээд ойлголт, үзлээр оюун санааныхаа ертөнцийг бүрдүүлж, өөрийгөө гэхээсээ илүү эх орон, ард түмнээ гэсэн элэг сэтгэлээр амьдарч ирсэн би яаж өнөөгийн араатанлаг, бохир бузар нийгмийн харилцаатай эвлэрч чадах вэ? Яавч үгүй. Ард түмэн маань ойлгох цаг ирнэ. Манай хөдөлгөөний зарчим, үзэл онол нийгмийн харилцаанд хэрэгжих цаг ирнэ. Тийм цагийг би өөрөө үзнэ, нас минь хүрнэ гэж бодохгүй байна. Гэхдээ уг асуудал миний настай ямар хамаа байх вэ. Харин хүн төрөлхтний настай хэлбэрэлтгүй хамаатай юм.
Хүн төрөлхтөн бүрэн ухаажиж чадвал “Бодь сэтгэл-Эв хамт ёс”-ны цаг заавал ирнэ. Эс чадвал мэдээж ирэхгүй. Яагаад гэвэл, зах зээлийн зарчмаар эдийн засгийн хөгжлөө улам хурдасгах, хэрэглээгээ нэмэгдүүлэх, техник, технологийн өрсөлдөөнөө эрчимжүүлэх нөхцөлд хүн төрөлхтөнд мөдхөн экологийн сүйрэл ч юм уу, тэнгэрийн гэсгээл нүүрлэж, хүн төрөлхтөн өөрийн энэ бурханлаг бус ,бурханаас асар хол соёл, иргэншилтэйгээ буюу хэрэглээний сүйтгэгч техник технологитойгоо, өмчийн сэтгэхүйтэйгээ, хэрэглэгч, шулагч сэтгэлтэйгээ, байгаль эхээ хөнөөсний үр дүн болсон хот сууринтайгаа, диваажин мэтээр санаж буй ахуй, дэвшилтэйгээ сүйрнэ. Урьд нь хүн төрөлхтний түүхийн аль нэг шатанд бидний өнөөгийн соёл-иргэншлийн хөгжлийн түвшнээс хавьгүй өндөр хөгжилтэй 5-6 соёл иргэншил устсан мэдээ, археологийн эд баримт шинжлэх ухаанд бэлхнээ байгаа шүү дээ.
-Тэнгэр бурхан таны шүүмжилж буй алдааг хүмүүст яагаад зөвшөөрсөн байх вэ? Бурханд хүн төрөлхтнөөр заавал нүгэлд унах, гэсгээл амсах бурууг үйлдүүлж байж хойноос нь шийтгэл оноох зорилго байсан байж таарахгүй шүү дээ?
-Бүтээгч бурхан хүнийг ч бүтээсэн, хүнийг уруу татагч хорлогч адыг ч бүтээсэн. Адыг юунд бүтээв, хэрэв бүтээхгүй байсан бол хүн төрөлхтөн ёстой төгс дээд ахуй амьдралтай төрөлхтөн байх байсан биш үү гэсэн асуулт байнга ургадаг. Энэ бол бүтээлийн тухайд гарч буй философи чанарын асуудал юм. Бурхан яагаад хүнийг уруу татагч, хорлогч ад зэтгэрийг бүтээв гэвэл хүнийг заавал алдаа гаргуулах, нүгэл үйлдүүлэх, тэгээд хүний үйлдсэн хилэнцийн мөрөөр гэсгээх ч юм уу устгах гэсэндээ бус ад зэтгэрийн хүчинд хорлогдохгүй байх, зөв ариун үйлийг үйлдэж ариунаараа үлдэж чадах арга замтай, түүнийг бурхан өөрөө хүмүүст зааж сургасан тул тэр замыг хүний оюун ухаанаар, хүний бодит үйл ажиллагааны үйл явцаар олуулах, авчрах, сонгуулах хөдөлмөрийг хүнээр өөрсдөөр нь бүтээлгэх нь хүмүүст илүү тустай учир ад зэтгэрийг бүтээсэн хэрэг. Хүнд тэнгэр бурханаас хайрласан хамгийн үнэтэй, хамгийн чухал, эрхэм нандин юм нь амьдралдаа өөрийн замыг болон үнэнийг сонгох ухаан, эрх чөлөө хоёр л юм.
-Манай нийгмийн харилцааны шинж чанарт гарч буй хувьсгал, эдийн засгийн макротүвшинд хийгдэж буй өөрчлөлтүүд чинь өнөөгийн хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлага, дэлхий нийтээрээ хамрагдаж буй даяарчлалын зүй тогтолт үзэгдэл биш гэж үү? Нөгөөтэйгүүр, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн шилжилт бол манай ард түмний өөрсдийнх нь хийсэн түүхэн сонголт биш дээ?
-Сонголт хийх гэдэг хэллэг саяхнаас Монгол хэлэнд орж байгаа нэг томьёо шиг байна. Өрнөдийн сэтгэлгээнээс л зээлдэн орчуулгаар авч буй улстөрийн нэр томьёо, ойлголт юм. Угийг нь хөөвөл метафизик ойлголтуудын нэг л дээ. Үүнийг барууны улстөрийн сэтгэлгээний сэхээтнүүд өөрсдийнхөө мэргэжлийн ухааны ойлголт, нэр томьёо болгон ашигласан юм шиг байна. Манай монголчуудын аман ярианд ч, бичгийн зохиолд ч авах, гээхийн ухаан гэдэг ойлголт, хэллэг бий. Амьдралын материаллаг талтай буюу ахуйн хэрэглээтэй холбоотой гэхээсээ илүү амьдрахуйн метафизик утга агуулгатай холбоотой сэтгэлгээний энэ хийсвэрлэл нь одоогийн сонголт гээд байгаа улстөрийн шинжлэх ухааны нэр томьёог орлох юм. Авах, гээхийн үлэмж ул суурьтай ард түмэнд 1990 онд тэр ухаанаа зарах завдал өгөлгүй алмайруулчихсан юм шүү дээ. Үнэнийг хэлэхэд 1990 оны ардчилсан хувьсгал гэж дүвчигнэн сурталчлаад байгаа пхихоз үзэгдлийн уршиг чинь ер Монголын нийт ард түмний сонголт биш. Өөрсдийгөө ардчилагчид гэж нэрлэн, жинхэнэ ардчиллын мөн чанарыг баастаж байгаа улстөрийн бүлэглэлээс л ард түмэнд урьдын адил дээрээс нь тулган дарамталсан улстөрийн хүчиндэлт буюу тулгалт байсан юм. 1990-2000 оны хоорондох хугацааны 10 жил бол Монголын түүх, ард түмэнд асар их гарз хохирлын 10 жил боллоо. Харамсалтай нь үүнийг тун цөөхөн гэгээн, билгийн нүдтэй хүн л үнэнээр нь олж харна. Ард түмний маань ихэнх нь нэгэн үнэнийг олохгүй байна. Юу гэвэл өөрсдийгөө ардчилагчид гэж нэрлэж буй эрх баригчдын үйл ажиллагааны болон диваажин амлаж буй эдийн засгийн шинэчлэл, хувийн өмчийн жаргалын хор, далд үнэний мөн чанарыг ойлгохгүй байна. Тэдний хувьд ерөөсөө бодсон, ухаарсан, тэгээд тэр ухаарал, дүгнэлтийнхээ үндсэн дээр хийсэн сонголт байхгүй. Ард түмэн бид улс төр, эдийн засгийн энэ булхайг ойлгох хэрэгтэй. Үүнийг манай ахуй амьдрал, тухайлбал, цаг үеийн улстөрийн хямралт үйл явдлууд, үгүйрч хүний гарт орсон эдийн засаг, санхүү мөнгөний эрүүл бус тогтолцоо бэлхнээ шаардаж байна.
-Монголын нийгэм хямралтай байгаа нь илт. Шүүмжлэгчид ч олон байна. Шүүмжлэх, шүүмжлүүлэх нь ч ардчилсан нийгэмд зүй ёсны үзэгдэл байх. Таны бодлоор хямралаас яаж гарах вэ?
-Нийгмийн хямрал өөрөө гүн гүнзгий ул үндэстэй үзэгдэл учраас түүнийг гэтлэн давах амар хялбар зам угаасаа байхгүй. Гүн юманд буурьтай хандлага, нөр хүч шаардана. Замын тухайд бол ямар нэгэн нэг хийсвэр зам гэж байхгүй байх, зам бүхэн бодитой, эдийн засгийн нарийн тооцоо, хөрөнгө санхүү, ажиллах хүч шаардсан материаллаг чанартай байж таарна. Харин дөт замын тухайд бол цаг хугацааны утгаар ойлгон ярьж болох юм шиг санагдана. Би нийгмийн хямралыг гүн, өргөн хүрээтэй үзэгдэл гэж хэлэхдээ, гол нь нийгмийн ёс суртахуун, оюун санааны хүрээ талаас нь хандаад тэгж хэлж байна. Юу гэвэл улстөр, эдийн засгийн салбарын хямралаас харьцангуй богино хугацаанд гарах боломжтой. Учир хүн ам цөөтэй, байгалийн баялаг, мал сүрэг ихтэй. Цаана нь судлагдаагүй, эрэл хайгуул хийгдээгүй их хэмжээний газрууд бий. Ийм хэмжигдэхүүнүүд өгөгдсөн, утга нь тодорхой мэдэгдэж байгаа тэгшитгэл дэх үл мэдэгчийг энгийн толгойгоор ч бодоод олчих боломжтой юм шиг санагдаж байна. Бидэнд ямар их боломж байна вэ?
А. 30 сая толгой малаас гарах ашиг шим, түүхий эдийн цөмийг нь дотооддоо боловсруулж, эцсийн буюу хэрэглээнд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Б. Газар нутгийнхаа судлагдсан эрдэс баялагийг олзворлож уул уурхай, эрчим хүч, хар болон өнгөт төмөрлөгийн аж үйлдвэр хөгжүүлэх, олборлох үйлдвэрийн бүтээгдэхүүнийг экспортоор дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн техник, технологийн хангамж, хөрөнгө оруулалтыг шийдэх
В. Хээр талын хар шороот шимт хөрстэй нутагт усалгаатай, найдвартай тогтмол ургац авах эрчимжүүлсэн газар тариалан, тэжээлийн үйлдвэр эрхэлж, гурил гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг бүрэн хангах, малын тэжээлийн үйлдвэрийг шийдэх
Г. Аялал жуулчлалд хөрөнгө оруулах. Эдгээр бодит боломжууд үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, бүтээн байгуулалтын өргөн талбар нээх, үндэсний үйлдвэрлэх хүчин чадал буюу нийгмийн бүтээмжийг асар хурдацтай нэмэгдүүлэх хамгийн зөв зам мөн. Монголд нүүрлээд байгаа ажилгүйдэл, ядуурлыг арилгах, хулгай дээрэм, хүнд гэмт хэргээс ангижрах, нийгмийн хямралын бусад сөрөг үзэгдлүүдийг гэтлэх, гадаадын түүхий эд бэлтгэлийн бааз, гүйлгээгүй бараа таваарын борлуулалтын “цэг” болох эдийн засгийн бүрэн хараат байдлаа халах үндсэн зам ч мөн. Улстөрийн хямрал, улстөрийн тогтолцоон дахь гажуудлын үр дагаврыг арилгах хамгийн дөт зам бол төрийн удирдлагыг мэргэжлийн болгох, төрийн бодлогыг ард түмний нийтлэг эрх ашигт зохицуулах, нийцүүлэх явдал юм. Төрийн бодлогыг ард түмний эрх ашигт нийцүүлнэ гэдэг бол товчхондоо төр ард түмнийхээ хүсэл санаа, материаллаг хэрэгцээний үйлчлэгч, бүтээгч байна гэсэн үг. Үйлчлэгч, бүтээгч байна гэдгийг задалбал төр ард түмнийхээ өмнө болон цаг үеийнхээ өмнө хамгийн өндөр хариуцлага хүлээж, хамгийн дээд эрч хүч, дээд бүтээмжит эрчимээр ажиллана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төр үйл ажиллагааныхаа ачаа, ачааллыг эрс нэмнэ гэсэн үг. Гэтэл төр засаг өөрийн үйл ажиллагааг улам хөнгөлөх, ачаагаа хасах л зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд зорилгоо ягштал хэрэгжүүлж, ард түмний өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа тэг болгох хандлагатай алхамуудыг дэс дараатайгаар хийсээр байна. Төр засгийн хийж гүйцэтгэж буй гол “ажил” нь хувьчлал, үнэ чөлөөлөлт, “хууль үйлдвэрлэлт”, гадаадын туршлага судлалт, хүлээн авалт мэтхэн л байна. Ард түмний 60, 70 жилийн турш нэгдмэл удирдлага, нэгдмэл зохион байгуулалттайгаар, нэгдмэл хүч хөдөлмөрөөрөө бүтээсэн нийгмийн баялаг, өв хөрөнгийг арав тавхан хүний өмч болгон тарааж өгөөд, үлдсэнийг нь зүгээр нураагаад, балгас, хог новш болгоод сүйтгэчихэд тийм их ухаан, хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагдах уу? Төр засгийн хийдэг хоёрдахь том “ажил” нь баахан хоосон хурал. Тэр хурлын үр дүн нь, хэдэн зуун хэрэгтэй хэрэггүй гууль болсон хууль. Хууль амьдралд хэрэгжинэ гэж байхгүй. Яагаад гэвэл ард түмэн дагадаггүй, огт биелүүлдэггүй. Яагаад ард түмэн төр засгийн хуулийг тоохгүй, сахихгүй, дагаж мөрдөхгүй байна гэвэл тэр хууль нийгмийн нийтлэг эрх ашгийг бүрэн тусган илэрхийлж чадаагүй, хууль ард түмний хүсэл, тэмүүллийн толь ч юм уу, цөм болж боловсронгуй, ард түмэндээ жинхэнэ үйлчлэгч байх мөн чанарыг бүрдүүлээгүй учраас л тэр. Ардын үгэнд “Хууль олширвол хулгай олширдог” гэж бий. Буруу дэмий олон хуулийн хэрэгцээгүйг, хортойг, одоогийн хэлээр утгагүйг энгийн ончоор хэлсэн философийн үг шүү дээ.
Саяхан Баабарын нэгэн өгүүлэлд “Ардчилал хөгжсөн улс гүрнүүдэд нийгмийн харилцааг зохицуулагч 1000, 1000 хууль үйлчилдэг. Гэтэл манайд дөнгөж 300 орчим хууль гарсан” гэж бичсэн байна лээ. Уг нь бол тийм 1000 хууль үйлчилж байгаа улс орнууд нь ардчилал, шударга ёс зохих хэмжээгээр тогтож чадаагүй, зүгээр л хотжиж суурьшсан, техникжсэн, ахуй амьдралын бүх орон зай нь мэдээлэлжсэн улс орнууд л болоод тэр шүү дээ. Тэнд техник, технологи, үйлдвэрлэл, хэрэглээний гадаад чадвар л хөгжсөн болохоос биш хүн нь, хүний дотоод соёл нь, жудаг чанар нь хөгжөөгүй байгаа нь илт.
Монголын эдийн засгийн удирдлага, төлөвлөлт, амьдралын түвшиний бодит хэрэгцээтэй уялдсан бодлогын тухайд бол төр, засгийн үйл ажиллагаа бүр сульдчихсан, бүгдийг зах зээлийн харилцаа шийддэг гээд өөрсдөө элгээ тэврээд, шатар, биллиард тоглоод жаргачихсан, эдийн засгийн хамаг үндэс сууриа жоотуудаад, үнийн бодлогоо жолоог нь эвхээд тавьчихсан, бараа таваар, үйлдвэрлэл, үйлчилгээнийх нь үнэд ямар ч шинжлэх ухааны кальцуляци, тооцоо үндэслэл байхгүй, тиймээс ч сул үнийн хөөрөгдөл, инфляци, үндэсний мөнгөний худалдан авах чадварын уналт, банк-санхүүгийн ажиллагааны дампуурал, далд сүүдрийн эдийн засгийн торлолт, үндэсний үйлдвэрүүдийн мөхөл, ард түмний амьдралын хавтгайдаа доройтол зэрэг хямрал, нийгмийн аймшиг үзэгдэл Монголын төр засагт ер падгүй, тэгээд анхаарлынх нь гадна, үйл ажиллагааных нь үүргийн гадна хаягдав. Өөрөөр хэлбэл, төр засаг өөрийн үүрэг хариуцлагаа шууд цуцалж, үүрэх ёстой ачаагаа нуруун дээрээсээ авч хаяв. Тэгэхээр төр засагт ямар ажил үлдэв гэхээр шал дэмий хуралдаад л, хурал нь угаасаа “дэмий юм” болохоор тасдаад л, гадаадад томилолтоор зугаалаад л, дотоодын компанийн дайллага, цайллагад уригдаад л, үлдэх цагт нь өрөө, өрөөндөө шатардаад л, эсвэл архидаад л, онигоо ярьж хөхрөлдөөд л, заримдаа агсам тавьж зодолдоод л, тэгээд л дараачийнхаа сонгуулийн сурталчилгааны шоунд бэлдээд л өдрийг өнгөрөөхөөс биш яахав. Ийм юм хийдэг ажилтантай төр засгийн ажлын үр дүн тэг заахаас ч биш яахав. Хоёрдугаарт, төрийн удирдлага мэргэжлийн байна гэдэг нь аль нэг мэргэжлийн их сургууль төгссөн ч юм уу, аль нэг ухааны салбараар эрдмийн цол хамгаалсан дипломтой байхаас илүү түүнээс нэлээд цааш, дээш хөгжсөн сэтгэлгээний чадавхитай, мэргэжилтэн-сэтгэгч гэсэн нэмэгдэхүүнүүдийн нийлбэр болохуйц билэг оюуны хөгжилтэй, ард түмнийхээ сэтгэл оюун, биеийн хүчнийг нэгтгэн цэнэгжүүлж энэрэл төгс нигүүлсэхүй сэтгэлтэй байх эрдэм, чадварын нэгдлийг хэлнэ. Гэтэл манай дарга нарыг хар даа. Дэлхийн сонгодог гүн ухаан, дэлхийн шинжлэх ухааны сонгодог онолчид, сэтгэгчдийн бүтээл унших нь байтугаа гартаа ч барьж үзээгүй инфантилууд байна. Тэгээд ч өнөөгийн манай нийгэм, улстөрийн сэтгэлгээний гуйланчлалд хүргэв. Бүтцийн өөрчлөлт нэрээр мэргэжлийн боловсон хүчний намчирхсан халаа сэлгээ л хийхээс бус өөр хэрэгтэй, үр ашигтай өөрчлөлтийг хийгээгүй нь шинэ цагийн хэлмэгдүүлэлтээс цаашгүй болов. Нийгмийн хамгийн гүн хямрал бол оюун санаа, ёс суртахууны хямрал. Яагаад гэвэл хүмүүс хүн чанараа алдаж, дотоод ертөнцдөө эвдрэн сүйрч, хүн-адгуус болон хувирч байна. Нийгмийн харилцаа маань хүмүүсийн харилцаа бус өмч, хөрөнгөнд эрхшээгдсэн хүн дүрст адуусан амьтдын харилцаанд хувирлаа. Энэ бол жинхэнэ хямрал, нийгмийн жинхэнэ эмгэнэл. Нийгмийн оюун санааны болон ёс суртахууны хямралаас гаргах амар арга байхгүй. Угаасаа байхгүй гэж дахин хэлье. Яагаад гэвэл энэ хямрал бол улстөр, эдийн засгийн хямралаас хамаагүй нөр, нууц нөлөөлөлтэй, нийгмийн оршихуйн үндсэнд хавж устгах хүч ихтэй үзэгдэл юм. Ингэхлээр хүчтэй үзэгдлийн эсрэг хэрэглэх хялбар арга гэж байж таарахгүй, адилхан л хүчтэй арга ажиллагаа, хүчтэй ерөндөг шаардагдана. Үндэсний оюун санааны хямралын гол шинж тэмдгүүд нь:
-Үндэсний оршин тогтнох бодит тогтолцоо бүрдээгүй, бусдаас хараат
-Үндэстний биеэ даасан сэтгэлгээ, оршихуйн гүн ухаан боловсроогүй
-Хүн ард нь хүнлэгээр ёс суртахуунжаагүй буюу оюуны гэгээрэл, сэтгэлийн ариусалд хүрээгүй. Хураангуйлбал, үндэстний хувьд өөрийн материаллаг болон оюунлаг хэрэгцээгээ өөрөө бие даан хангах арга, билгийн тогтолцоо боловсроогүй байна гэсэн үг. Иймд одоо бид энэ тогтолцоог бий болгох, өөрсдийн хөдөлмөр бүтээлийн үр шим, сэтгэл оюуныхаа эрчим дэмээр ард иргэд адил тэгш амьдралын түвшинтэй байх жинхэнэ хүмүүнлэг, иргэний нийгмийн харилцаанд шилжих хувьсгалыг хийх хэрэгтэй.
-Монголын улстөрийн амьдрал ил далд хямралтай байна. Гэтэл эсрэгээр нь тайлбарладаг улстөрчид бий. Хэрэв манай улстөрийн тогтолцоо хямралтай байна гэж үзвэл та ямар, ямар онцлог шинжүүдээр тодорхойлох бол?
-Миний бодоход Монголын улстөрийн амьдралыг нийгэм, эдийн засгийн философи сэтгэлгээний түвшинд гүн гүнзгий шинжилж үзэх юм бол зөвхөн хямрал гэж зөөлчлөн нэрлээд зогсох биш үнэнээр нь төрийн дампуурал гэж нэрлэвэл зохих нийгэм, төрийн “Монгол үзэгдэл” бодитой тохиосон нь илт харагдана. Өнөөгийн Монголын төрийн дампуурал нь хэд хэдэн бодит шалтгаанаар нөхцөлдлөө. Үүнд:
1. Эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт бол улстөрийн хувьсгал шиг цочмог, яаруу хийж үл зохилдох үйл явц байдгийг ойлгосонгүй. Энд пролетарийн диктатур яаравчлан тогтоох зэвсэгт бослогын арга үл нийцдэг аж. Өмчийн нийгмийн хэлбэр, шинж чанарыг хүчээр өөрчилж, хувийн өмчийн ноёрхол тогтоох нь эдийн засгийг тодорхой үүрэггүй, банк санхүүгийн хяналтгүй сул чөлөөт институцид хувиргаснаар төр ганц улстөрөөр дан хөөцөлдөж бэлэг тэмдгийн чанартай олноо өргөмжлөгдөн оршсоор, эцэстээ тоглоомын төр засаг болоход хүргэдэг байна.
2. Төрийн бодлогод үндэснийхээ орь ахуйн шинж чанар, өөрийн дотоод өгөгдөхүүнээс үүссэн хэрэгцээ, шаардлагад тулгуурласан, түүнийг зөвөөр ойлгосон үзэл бодол тусах бус гадны сэтгэлгээний хүчирхийлэл, зээлдмэл онол, харь туршлагын загвар ноёлсон.
3. Нийгэмд хийгдэж буй өөрчлөлтүүд нь ард түмний дийлэнхийн сэтгэл санаа, хүсэл, эдийн засгийн эрх ашиг, Монгол хүний генетикийн шинж чанар, сэтгэлзүйн хариу үйлдлийг оролцуулан тооцсон тооцоогүй, тэр тухайд ямар ч ойлголт, оношлогоогүй, зөвхөн цөөнх хэсэг бүлгийн луйврын чанартай хожоо, ашиг сонирхлыг зулгуйдсан явцуу, илэрхий шударга бус, хуйвалдмал шинжтэй хувьчлалын үндсэн дээр хийгдсэн нь нийгмийн жинхэнэ ардчилал, хууль ёсонд илтээр харшилж, хүмүүнлэг харилцааг гажуудуулснаар ард нийтийн дунд дургүйцэл, эсэргүүцлийг төрүүлж байна зэрэг шалтгаануудыг онцолж болох юм. Төрийн хямрал гүнзгийрч дампуурлын шатанд шилжих үйл явц, мөн төрийн хямрал, дампуурлын тус тусын онцлог шинжийн тухай би нэгэнтээ сонинд хэвлүүлсэн “Хуучин алдааны шинэ үргэлжлэл, шинэ хөгжил, шинэ төгсгөл буюу Монголын төрийн дампуурал” өгүүлэлдээ тодорхой өгүүлсэн. Гурван шинжийг гол болгон авч үзсэн.
1. Эдийн засгийн хараат тогтолцоо
2. Нийгмийн задрал
3. Нийгмийн амьдралын энтропи
-Сая таны хэлсэн үзэгдлүүдийг эх орны тусгаар тогтнолтой холбож үзэж болох уу? Ер нь тусгаар тогтнол гэдэг ойлголтод таны бодлоор юу, юу багтах вэ?
-Үндэсний тусгаар тогтнол гэдэг бол алив улс орны биеэ дааж оршиж чадах хүч чадварын цогц нөхцөл л дөө. Тоочвол:
-Хил хязгаар, газар нутгийн тусгаар тогтнол
-Улстөр, эдийн засгийн биеэ даасан тогтолцооны бүрдэл
-Хэл, соёл, ахуй заншлын бүхэл бүтэн түүхэн уламжлал, түүний орь чанар. Энд би улстөр, эдийн засгийн бие даасан нөхцөлд юу ойлгож байна вэ гэвэл төрийн бодлого, эрх мэдлийн хуваарилалтад гаднын алив турхиралт, заавар зөвлөгөө, багшлалгүйгээр өөрийн үзэл онол, чиг хандлагаа тодорхойлж, үндэсний концепци, удирдамж шийдвэрээ хуульчлан боловсруулж чадах түвшний улстөрийн шинжлэх ухааны өндөрлөг, мөн алив даяарчлал, интеграци, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжгүйгээр ард иргэдийнхээ материаллаг болон оюуны хэрэгцээг хангаж чадах, үйлдвэрлэх хүчний чадавхитай, дотоод нөөцтэй байх хөгжлийн түвшинг ойлгож байна. Хэл, соёл, ахуй заншлын бие даасан үйл явцын хувьд бол уламжлал, шинэчлэлийн нягт нэгдэлтэй, үндэснийхээ ойр ахуйгаас ургасан, гадаад дотоод орчинтой цагийн цагт зохицоод шинжлэх ухаан, техник технологийн нээлт, мэдээллийн хөгжилтэй зэрэгцээд явах тогтворт чадварыг олсон байх ёстой. Тэгж байж сая гадаадын нөлөөллийг эсрэгүүцэх, бусдад уусах, мөхөх түүхэн аюулыг гэтлэн шинэчлэгдэх, хадгалагдах, цаашид төгөлдөржин нийт хүн төрөлхтний оршихуйн нэг үндэс болон хөгжих бололцоог хангана. Үүнийг би үндэсний сэтгэхүй, сэтгэлзүйн тусгаар тогтнол гэж ойлгож байгаа бөгөөд энэ нь үндэсний тусгаар тогтнолын нэгдмэл ойлголтод хамаарна. Дээрх үзүүлэлтүүдэд тулгуурлаад бодвол эх орныхоо тусгаар тогтнолд сэтгэл төв, амгалан байх арга алга. Эдийн засгийн тусгаар тогтнолын хувьд бол аль хэдийнэ устаад Монгол орны үйлдвэр, түүхий эд, бараа эргэлт, мөнгө санхүү үндсэндээ ардчиллын зарчмаар түншүүдийн маань эрхшээлд бүрэн орсон нь өчүүхэн ч нууцгүй, толгойтой хүнд байтугаа, “толгойгүй” хүмүүст ч ив илхэн харагдах боллоо. Эх хэл болоод ёс заншлын маань тусгаар тогтнол яаж алдагдаж, яаж эрлийзжиж, яаж харьжиж буйг ер надаад хэлүүлэх хэрэггүй, нүдтэй байтугаа нүдгүй хүмүүс, тэр ч байтугаа хотын гудамж талбайгаар дүүрэн гүйлдэж дуртай газраараа зугаалж явдаг овчарк, бульдог, бээжин хав мэт ноход ч тодоос тод хуцаад ойлгуулаад өгнө.
-Одоо сэдвээ өөрчилье. Та бол гүн ухаанч хүн шүү дээ. Хүнд ер нь засч, залруулж болохгүй алдаа гэж байх уу? Байж болох уу? Ажил хийж буй хүнд заавал алдаа гардаг, юу ч хийдэггүй хүн л алдаа гаргадаггүй гэсэн үг байдаг. Алдаа гэдэг ухагдахуун философи утгаараа юу вэ?
- “Ажил хийж буй хүнд заавал алдаа гардаг, юу ч хийдэггүй хүн л алдаа гаргадаггүй” гэсэн үг байдаг. Энэ үгийг сөрөх хэрэг надад бага байна. Яагаад гэвэл хүний алдааг цагаатгах, эерүүлэг талаас нь ухаарсан, нигүүлсэнгүй сэтгэгчийн шиг санагдлаа. Алдаа гэдгийг философи утгаар нь буруу үйл гэж би үздэг. Гол шинж чанар гэвэл өөрт болоод бусдад бодитой хор болох шинж чанар юм. Энэ чанараараа юу ч хийхгүй зүгээр суух нь алдаа мөн. Яагаад гэвэл бусдад хоргүй гэхэд өөрт нь хортой, ихгүй гэхэд багагүй хортойг тайлбарлалтгүй байх. Тэгэхээр зүгээр суух ч тухайн хүндээ хор учруулах тул алдаа буюу буруу үйл болж хувирах болно. Өөрөөр хэлбэл, цагийг дэмий өнгөрөөх нь чинагуйх чанараараа хүнийг хорлогч идэвхгүй үйл буюу алдаа мөн. Гүн ухааны үнэмлэхүй ойлголт, томьёоллын хэмжээнд авч үзвэл залруулж болохгүй алдаа гэж бий. Жишээ нь, мэдлэг дадлага муутай эмч өвчтөнийг буруу эмчлээд үхүүлчихвэл залруулшгүй алдаа болно. Төр засгийн жолоог барьж байгаа хүнд хэзээ ч яавж гаргаж болохгүй нэг алдаа бий. Энэ бол бодлогын алдаа. Бас төрийн том хүнд ч, жирийн иргэнд ч хэзээ ч хийж болохгүй алдаа бий. Төрийн жолоон дээр сууж байгаа хүмүүс бодлогын алдаа гаргавал эрх баригч байх эрхгүй. Иймд эдэлж буй эрх, ямбаа хураалгах ёстой. Эгэл жирийн иргэн ёс суртахууны алдаа гаргавал хүн гэж нэрлэгдэх эрхгүй. Яагаад гэвэл хүн ёс суртахуунаараа л адгууснаас ялгарна. Хүнийг ухамсараараа ч юм уу, сэтгэхүйгээрээ, хөдөлмөрийн багаж зэвсэг үйлдвэрлэх чадвараараа адгууснаас ялгарна гэж үзэх нь маш болхи төөрөгдөл. Хөдөлмөрийн багаж зэвсэг үйлдвэрлэх хэрэгцээ маань өөрөө ухамсар сэтгэхүйн хөгжлөөрөө маш доод шатанд оршиж байгаа амьтны хэрэгцээ юм. Харин ухамсар сэтгэхүйн хөгжил нь дээд бясалгалын эрэмбэнд хүрч, оюунлаг эрчмийн буюу хувилгаан увидасын түвшинд дэвшээд ирэхээр ийм материаллаг хэрэгцээ аяндаа устана. Тэгээд ч үнэндээ хүний ухамсар сэтгэхүй гэдэг маань өөрөө бусад амьтан адгуус дээрэлхээд байхаар, хүнийг тэдний дээр тавиад хаан титэм зүүлгээд байхаар ид хав ч гэх юм уу, тийм сүйдтэй ялгаврын үзүүлэлт огт биш. Хүн гагцхүү хүмүүнлэг ёс суртахууны шаардлага, шалгуураар л иргэншиж, иргэншсэн ёс суртахуунаараа нийгмийн тодорхой нэг зорилгод нэгдэн зохион байгуулагддаг. Өөрөөр хэлбэл, хүн бол нийгэмшсэн ёс суртахууны бүтээгдэхүүн. Хүнээс хавьгүй дээд сэрэхүйтэй, амьдрах чадвартай, сүрэглэх инстинктэй, магадгүй хүнээс хавьгүй илүү хөгжилд хүрсэн, хайрлах сүжрэх нарийн мэдрэхүйтэй, дуу авианы дохиолол мэдээллийн тогтолцоо нь өөр болохоос биш хүнтэй эгнэшгүй ихээр хөгжсөн ариун зөв харилцааны холбоо бүхий амьтад орчлон хорвоод байж л таарна. Тэгэхээр хүн бол нарийндаа ганцаараа хорвоогийн хамгийн үнэт капитал биш гагцхүү хүмүүнлэг, энэрэгч, нигүүлсэгч, ёс суртахуунаараа л үнэ хүндтэй. Зөвхөн энэ үнэт чанараараа л хүн гэдэг ойлголтыг бүрдүүлж байгаа биологийн бүтэц, зүйл шүү дээ. Дээрх аксиомоос логик дүгнэлт хийвэл бодлогын алдаа болон ёс зүй, ёс суртахууны (ёс зүй нь хүнлэг ёс суртахууны мөн чанараас үүднэ) алдаа гаргаж буй эрх баригч нөхөд бол эрх баригч байх эрхгүй биологийн бүтцийн амьтан мөн. Хүн төрөлхтний хөгжлийн түүх чинь хөгжлийн шинэ, төгс алхам хийж шат ахихаасаа илүү алдаагаа засах, хуучнаа шинэчлэх гэж хүч хөдөлмөрөө зарсан үйл ажиллагааны л түүх байгаа юм. Aлдаагаа засахад зарцуулсан цаг хугацаа нь шинийг сэтгэх, нээхэд зарцуулсан цаг хугацаанаасаа хавьгүй их би боддог. Иймд хүний алдааг уучлах, алдаагаа засах ухаан суухад нь зөвөөр туслах хэрэгтэй. Тийм нөхцлийг хүнд бүрдүүлж өгөхийн тулд хүн хүндээ бодь, нигүүлсэнгүй сэтгэлээр шүтэн барилдаж, нэг нь нөгөөгийнхөө сайн сайхан амьдрал, бусад олондоо тустай ажил үйлсийн төлөө өөрийгөө дайчилж амьдрах хэрэгтэй.
-Тэгвэл амьдрал гэж таныхаар юу вэ?
-Амьдрал гэдэг байгалийн эволюци шалгуураар бий болсон үзэгдлийг ерөнхий биологи утгаар нь авч үзвэл бүх амьд биетүүд буюу нэг болон олон эст биет, уурагт мах бодисын орших, үржих, орчин ахуйтайгаа зохицон шалгарах, улам төгөлдөржин хөгжих үйл явцын нэгдэл гэж үзэж болох байх. Товчоор хэлбэл, уурагт биесийн орших арга, хэлбэр хөдөлгөөний нийлмэл үйл ажиллагаа юм.
Хүний амьдрал бол энэ агуу сайхан сав ертөнц дээр хүмүүс эв нэгдлийг олж эерэг гол сайхан зохилдолгоотой оршихын дээр нийгмийн харилцааны дотор өөрийгөө нийтийн аз жаргал, тус буянд зориулах оюуны гэгээрэл, сэтгэлийн ариусалд хүрэх хүний ухамсарт үйл ажиллагаа л юм. Энэ агуулгаараа хүний амьдрал бол хүний чанарын эрчимлэг, хүнлэг гоо сайхны бүтээл ч юм уу ажил хэрэг болон задарч нийгэмд бодитойгоор үйлчлэн үлдэж буй үйл явц юм. Тэгэхлээр бүр мухарлаад бодоход хүний амьдрал гэдэг чинь нэг талаас хачин золиос шиг санагддаг. Хачин нь юундаа байна гэхээр энэ золиос хүнээс асар их хүч, тэмцэл шаарддаг, тэгээд тэр хэрээр жаргал авчирдаг жамтай золиос юм. Үүгээрээ энэ золиос зориудын сонголт юм шиг санагдахаар ухамсарт золиос болоод хувирчихдаг. Энэ золиосыг би бүр өдөр тутмын давтамжтай эгэлдээ эгэл, эгэл бусдаа эгэл бус баатарлал гэж үздэг. Миний бодлоор хүний амьдрал гэдэг ойлголтод эерүүлэл гэсэн чухал ухагдахууныг авч үзэх нь зүйтэй гэж бодогддог. Байгалийн оршихуйд ноёлж буй хүчний харилцаа, хүчний хуулийг үүсгэх шинэ харилцааг тогтоох буюу байгаль ахуйд засвар оруулсан ахуйг хүний ухамсараар зохион байгуулах асуудлыг би энэ эерүүллийн гол агуулга болгож байна. Хүн бол уг чанартаа хүчтэй нь хүчгүйгээ, чадах нь чадахгүйгээ устгах ч юм уу дарлах байгалийн хуулийг эерүүлэх эерүүлэл ахуй буюу эерүүлэл бүтээл учраас хүний нийгэм нь бодит болоод хийсвэр мөн чанараараа, үндсэндээ байгалийн доторх байгаль, магадгүй байгальд сөрөг харь байгаль юм шиг санагддаг юм. Өөрөөр хэлбэл, хүний амьдрал бол байгалийн харих догшин жам зүйн эсрэг ухамсарт, эерүү үйл ажиллагаагаар тэмцэх, байгалийн доторх хамгийн ухаалаг байгаль болж сансар хорвоогийн макро оршихуйн зүй тогтолтой эерэгээр нэгдэх зөв, гоо сайхан зохицлыг олох эрчимт үйл, мөн нөгөө талаас тийм үйл хэргийн цаг хугацаа юм гэхэд болно. Энэ хугацаа бодгалийн хувьд тийм ч удаан үргэлжлэхгүй. Монгол хүний хувьд дунджаар 60-63 жилийн хугацаатай учир хүн бүр дор дороо маш эрчимтэй, шаргуу идэвхтэй бүтээлч амьдарч, аль болох өндөр “ашигт үйлийн коэффифенттэй” өнгөрүүлэхийг чармайх нь чухал. Дүгнээд хэлбэл, хүний амьдралын үндсэн бие махбодийн хүчийг төгс олох үйл хэрэг, тэмцэл, хөдөлмөр юм. Хүний амьдралын утга зорилго яаж биелж хэрэгжиж байна вэ гэхээр хүн бусдыг хайрлах их нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэж тийм бурханлаг, хүнлэг, элгэн халуун сэтгэлээр амьтан олонд бодит ач тусыг үйлдэх, буянт үйлсийг бүтээх, өөрийнхөө арьс махыг бодохын оронд өрөөлийг хамт энэрэн хамаг хүчээ зориулах сэтгэлийг мөс, дотоод ухамсрыг олсноор л нийгмийн харилцаанд бодитой хэрэгжиж биеллээ олно. Гагцхүү юмыг, бусдыг хайрлах, нигүүлсэх дотоод хүчийг олсноор л гадаад ахуй орчлонтой зохисоор нэгдэх, их ертөнцийн жам оршихуйн бүрэлдэхүүнд өнө байр эзлэх бололцоонд хүрнэ. Ингээд бодохоор хүний амьдрал нь үнэмлэхүй төгс зохицлыг олох дээд гэгээрэл, сэтгэлийн ариусал, гоо сайхан бүтээлийн төлөөх хөдөлмөр л юм гэж тодорхойлохоос аргагүй.
-Хувь хүний хөгжил гэж юуг хэлэх вэ? Ер нь хөгжил гэдгийг та хэрхэн ойлгодог бол?
-Энэ асуултад би бараг хариулчихсан даа. Хүний хөгжил гэдэг бас л өсөх, дэвших шугамаар үргэлжилж буй үйл явц. Энэ үйл явц шулуун болон муруй, шугаман болон шугаман бус зам зурж болно. Харин үйл явцын эцсийн ч гэх юм уу үнэмлэхүй ч гэх үү үр дүн бол түрүүний ярьсан хүний амьдрал гэдэг ойлголтын агуулгатай төгс нийцэх л явдал. Алив үзэгдлийн хамгийн бодит, жинхэнэ үзүүлэлт бол үйл явцын л үр дүн шүү дээ. Хөгжил гэдэг нь юу вэ гэвэл ганц үгээр хэлэхэд нэгдмэл оршихуйн үндэс болсон төгс зохицол буюу дээд гармонид хүрэх бүх нийтийн эв нэгдлийг хангах л үйл ажиллагаа юм. Үүний урвуу үйлчилж, сөрөг нөлөөлж буй үзэгдэл бүхэн регресс гэж ойлгож байна. Нийгмийн хөгжлийн хувьд хамгийн гол үзүүлэлт нь нийгмийн үнэт зүйл. Нийгмийн үнэт зүйл гэдэг дээр миний ойлголт, тодорхойлолт бусдынхаас зөрж байж магадгүй. Үнэт зүйлсийг би юу гэж ойлгож байгаа вэ гэхээр юуны өмнө хүн гэж ойлгож байна. Тэгэхдээ хүн байгалийн нэг бүтээгдэхүүн, нийгмийн харилцаа, ёс суртахууныг агуулагч, үйлдвэрлэгч хүчнийхээ утга агуулгаар нийгмийн хамгийн гол үнэт зүйл юм. Түүнээс биш энэ олон гоё ганган жип машин, шил толь болсон орд харш, хувийн зочид буудлууд, гар утас, компьютер, элдэв шоуны багаж хэрэгсэлүүд бол зүгээр л хэрэглэгдэхүүн. Муугаар хэлэхэд, хэдхэн зуун жилийн дараах ирээдүйг өнгөрөөгөөд, ирээдүй-өнгөрсний өндөрлөгөөс харах юм бол эд юмсын хөгжил, дэвшил гэдэг нь хогонд хаягдах новшнуудын хэлбэр, дүрс болон хэрэглэгдэх чадварын өөрчлөлт, хувилалтууд юм. Тэгэхлээр хөгжлийн гол утга, гол үзүүлэлт болж чадах үнэмлэхүй үнэт зүйл бол эцсийн эцэст хүний дотоод ертөнцийн л төгөлдөржилт. Өөрөөр хэлбэл, нийгмийн үндсэн үнэт зүйл бол төгөлдөржсөн хүн! Энэ нь хүний хүнлэг ёс суртахуун, хүн чанар, мөн оюунлаг-материаллаг гоо сайхныг бүтээх чадвар хийгээд ухамсар юм.
Хүний дотоод ертөнцөд ийм хүнлэг бөгөөд бурханлаг ёс суртахууны хөрс, тогтолцооо бүрдэж байж сая нийгмийн харилцаа жинхэнэ хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг баталгаажуулагч хүчин зүйл болж чадна. Нийгмийн материаллаг амьдрал ч жинхэнэ адил тэгш, тэнцүү хэрэглээтэй, баян ядуугийн ялгаагүй шударга чанарт хүрнэ. Энэ замд их өмч хөрөнгөтэй, их хуримтлалтай болсноор орохгүй. Хувьдаа 10 давхар орон сууц барьснаар, аль нэг уулын ам, голын тохойг хувьчлан авч эдлэн болгон эзэмшсэнээр, хувийн нисэх онгоц, хувийн банктай болсноороо хүний төгөлдөр хөгжлийн дээд эрэмбэ шатанд хүрчихгүй.
Зөвхөн дотоод ертөнцөө, мөн чанараа нийгмийн үнэт зүйл болгон хөгжүүлж чадсан цагт эд баялаг, өмч хөрөнгийн үнэ цэнэ үнээ алдаж, “хэрэггүй юм”, огт үнэгүй юм болчихно. Өөрөөр хэлбэл, аяндаа үнэт зүйлс биш болно. Тэгэхлээр хүний сэтгэх чадвар, сэтгэлээ ариусгах чадвар, эд юманд шунах, тачаах амьтанлаг чанараасаа ангижрах чадвар зэрэг дээд оюунлаг, ёс суртахуунлаг оршихуйн харилцаа л нийгмийн жинхэнэ амин чухал зорилго, хэрэгцээ, үнэт зүйлс байх нь. Монголын зах зээлийн харилцаа шиг адууслаг харилцаатай нийгмийн тогтолцоонд нийгмийн үнэт зүйлс үнэхээр арилна. Бүр асар хурдацтай арилж, устаж байгааг би хоёр нүдээрээ харж байна. Энэ бол намайг аргагүй гутранги үзэлд автахад хүргэж буй нийгмийн хөрс болж байгаа юм.
-Таны бодлыг ерөнхийдөө ойлгож байна. Хотжилт, иргэншил, өнгө мөнгөний харилцааг дагаад хүний мөн чанар устгана гэж. Одоо таныхаар яавал дээр үү?
-Би уг нь янз янзын л юм бодож суудаг. Даанч ганцын хүч оготны дуунаас хүчгүй болохоор яалтай билээ. Бодлоо сонин хэвлэлд бичиж өмч эзэмшигчдийн дургүйг хүргэхээс цааш ажилгүй сууна. Зүй нь хүнийг өмчийн сэтгэхүйгээс салгах хэрэгтэй юм. “Өмч бол хулгай” гэж Францийн сэтгэгч Ж.Прудоны хэлснийг би зөв тодорхойлолт гэж боддог. Хүн бол угаас бүтээгч бус хэрэглэгч учраас хүнд ямар ч өмч байгалиасаа заяагаагүй, ингэхээр хүн хэзээ ч өмчийн эзэн байх ёсгүй юм. Хэрэв хэн нэгэн өөрийгөө ямар нэг өмчийн буюу их хэмжээний эд хөрөнгийн хуримтлалын эзэн байх ёстой гэж үзээд, үзсэнээрээ тийм эзэн болж чадсан бол өөрийгөө хуурч буй хэрэг, мөхөл рүү, нүгэл рүү унагаж байгаа занга. Хүн байгалиас бүтээгдсэн өгөгдөхүүнээрээ, биологи бүтцийнхээ чадвараараа байгалийн бүтээгдэхүүн тул тэдний эзэн биш, харин боол нь байна гэдэг ухаарлыг нийгэмд ойлгуулах нь чухал байна.
-Зах ээлжсэн өнөөгийн нийгмийн уншигчид, бас шинэчлэгч улстөрчид таны үзэл бодлыг ихээхэн хуучинсаг гэж шүүмжлэх байх. Эмзэглэл төрөх юм уу?
-Үгүй, ердөө ч үгүй. Дэлхий тэнхлэгээрээ эргэлдэж, тэгээд нарыг тойрч байгаа учраас өдөртэй, шөнөтэй байгаа шиг цаг үеийн үнэн түүхийн давтамж гэдэг тэнхлэгээрээ үнэн гэдэг нарыг тойрон эргэж байгаа учраас ялалт, ялагдал нь дэлхийн өдөр, шөнө шиг ээлжилнэ, давтагдана. Нийгмийн харилцааны шинж чанар ямар байлаа ч түүнээс үл хамаарах нэг нийтлэг үзэгдлийг нийгмийн хөгжил заавал дайрч байна. Энэ бол миний бодлоор цивилизаци юм. Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй, харин Америк, Европ, Азийн ихэнх улс үндэстэн суурин буюу хотожсон, өндөр техникжсэн, мэдээлэлжсэн соёл иргэншилтэй аж төрж байна. Цивилзаци гэдэг нэр томьёог Монгол хэлэнд иргэншил гэж орчуулан хэрэглэж байна. Үгийн гарал нь Грек хэлний “Хотын хүн” гэсэн утгатай үгнээс үүсч байгаа юм билээ. Би хэлний мэргэжилтэн биш учраас андуу ойлгосон байж магадгүй. Монгол хэлэнд иргэн гэдэг үгний агуулж, дамжуулж байгаа шууд утга нэрийтэл болон улстөрийн ухаанд дам хэрэглэж байгаа ухагдахуун утганд нэг чухал ойлголт байгаа санагддаг. Хотын хүн гэдэг үгний морфологи утга яагаад нийгмийн хэвшил, харилцааны тогтолцоог заасан утгатай ойлголт болж хувирав гээд бодохоор энд хотожсон буюу байгалийн өгөгдөхүүн ахуйгаас салсан хотын ахуйтай хүний амьдралын хэв төрхийг ялгамжилсан анхны утга заагдаастай байна. Байгалиас үүссэн бүтээл төрхөөрөө бус, харин хүний бие, гарын хүчээр тохижсон хүмүүн амьдралын ахуй хүншсэн, хүмүүнжсэн ахуй гэсэн байгалийн доторх байгаль буюу хүн байгуулсан хиймэл, тусгаарлагдмал ахуйн ялгааг заасан утга агуулагдаж байна. Хотожсон ахуй нь суурин нөхцөл бөгөөд байгалийн нөхцлөөс хамаат бусаар оршин амьдрах боломж бүхий үйл ажиллагааны бүрдэл юм. Хүний амьдрах тав тух хангагдсан, хэрэгцээгээ хангах арга, чадвар дээшилсэн, үйлдвэрлэх хүчний хийгээд хөдөлмөрийн багаж зэвсгийн хөгжлийн тодорхой түвшингээр нөхцөлдсөн амьдралын орчныг Грекүүд хотын хүний ахуй гэж нэрлэжээ. Тэгээд гар хөдөлмөр нь механик зарчмын багаж төхөөрөмж хэрэглэдэг хөдөлмөрөөр солигдож, амьжиргааны шинэ хэвшил, шинэ хэрэгцээг үүсгэжээ. Сүүлдээ хотын хүн нь хотын хүмүүс, хот-улс болон өргөжиж, бас хөгжиж, үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн түвшинд тохирсон шинэ харилцааг зохион байгуулах түүхэн нөхцлийг ч бүрдүүлж. Бага орон зайд эрчимтэй, хурдтай, нягтрал ихтэйгээр орших идэвхтэй өрсөлдөөн, тэмцлийн эрчим төвлөрсөн ахуйд байгалийн бүтээгдэхүүн болох хүн маань нийгмийн бүтээгдэхүүн буюу хүмүүсийн бөөгнөрлийн харилцааны бүтээгдэхүүн болж зохион байгуулагдах, өөрөөр хэлбэл, нийгэмших, нийт олны эрх ашиг, ёс зарчимд нийцэн иргэнших хэрэгтэй болоод иржээ. Ингэснээр бодьгалууд хотожсон ахуйн харилцаа, шаардлагад өөрийн эрхгүй зохицох, өөрийгөө захируулах замаар хоорондоо нийгмийн харилцаанд орж хамтын амьдралын хэв загвар, ёс журам дотор бие биеэсээ харилцан хамааралтай аж төрөх, боловсрон хөгжих, оюунжих үйл явцад хамрагдаж эхэлжээ.
Энэ үйл явц биеийн хүчний хөгжлөөс гадна сэтгэхүй, мэдэл боловсрол, оюуны хөгжил шаардаж, орон гэр, ордон байшин, сургууль, зам тээвэр, гэрэл гэгээ, театр, ном зохиол гээд тохьжингуй, сууршмал ахуйг буюу хотжил, техникжилтийг буй болгохын дээр тийм ахуйд хүмүүсийн харилцааг зохицуулах хамтын, нийтийн хууль ёсыг буй болгожээ.
Хожмоо энэ нийгэмжсэн, соёлжсон, оршин суугчдыг хотын хүн, тийм ахуй амьдралын төлөв ёсыг цивилизаци гэж нэрлээд оноочихсон учир энэ ойлголт нь суурьшсан, хотожсон, технологижсон, мэдээлэлжсэн, иргэншсэн нийгэмлэг хүмүүсийн амьдралын ахуй, шинж чанарыг тодорхойлсон том ойлголт болон хувирсан байна. Нийгэм, улстөрийн шинжлэх ухааны энэ ойлголт болон ухагдахууныг Монгол хэлэнд соёл иргэншил гэж орчуулан нийгмийн ахуйн харилцааны хувьд өндөр түвшинд хүрсэн хэвшил, төлвийг тодорхойлсон ойлголт болгон хэрэглэж байгаа юм. Тухайн үндэстэн ямар ахуй соёлтой ч бай иргэнлэг нийгэм гэж орчуулагдах ч юм уу томьёологдох нийгмийн харилцаа, тогтолцоог хэрэгжүүлэхэд хамгийн гол анхдагч, суурь шинжийн нэг мөн чанар бий. Энэ бол юуны өмнө иргэн бүр адил тэгш амьдралын түвшинд байх, адил тэгш үүрэгтэй, адил тэгш ардчилсан ёс зүйтэй, нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө өөрийгөө зориулах чин зорилго, сэтгэлээр бие биеийнхээ амьдралтай шүтэн барилдсан байх харилцааны мөн чанар юм. Түүнээс биш соёл иргэншлийг өөрийг нь ч юм уу, эсвэл соёл иргэншил хөгжсөн иргэний нийгмийг зөвхөн нэг тохилог, дулаахан, эрчим хүчний ч юм уу мэдээлэл-интернэтийн сүлжээнд холбогдсон суурьшмал, юм бүхэн гарын дор байшин барилгад амьдраад саун, бааранд цэнгээд, машин, онгоц, галт тэрэг хөлөглөөд, виски ууж, биллиард өнхөрүүлээд, видео, шоу үзээд, за тэгээд чөлөөт сонгуульд саналаа өгвөл өгөөд, боливол болиод, орчуулмал болон буудмал хууль боловсруулаад бие биеэ ноёд хатагтайгаар нь дуудаад, хүссэн цагтаа хил нэвтэрч “ашигтай” наймаа хийгээд, эцэст нь “Хүн өөрөө л өөрийгөө бод, бусад хүмүүс хэзээ ч чиний төлөө биш”, “Чадалтай нь үлд, чадалгүй нь үх” гэдэг философи судлаад гавьяа байгуулах утга чанартай үйл явц мэтээр ойлгож болохгүй. Гэтэл жинхэнэ соёл иргэншлийн хийгээд иргэнлэг нийгмийн зорилго, зарчим Монголын өнөөгийн нийгмийн харилцаанд эрс зөрчилдөж, урвуугаар хэрэгжиж байна. Хүмүүсийн сэтгэхүй, сэтгэлзүй, бодит үйл ажиллагаа хамгийн хүнлэг, нигүүлсэнгүй харилцаагаар зохицуулагдаж, хамгийн ёс суртахуунлаг оршихуйн арга, хэлбэр, үйл бүтээлд зангилдагдан зохион байгуулагдаад, хувь хүн хүнтэйгээ харилцахдаа бие биедээ зөвхөн тус болох зорилгоор шүтэн барилдаад буюу нийгэмжээд ирж буй ахуй харилцааны төлөвшлийг л иргэншил гэж нэрлэж болох юм. Яагаад гэвэл иргэншил гэдэг үгэнд нийгэмжсэн хүний ахуй харилцааны утга оршоод ирэхээрээ хувь хүн өөрийн дур зорго, эрх ашиг, амин сонирхолоо бодохын зэрэгцээ хажуугийн харилцагчаа, цаашаа бусад олныг бүр цаашаа нийгмээ бодох, зохицох, бусдыгаа өөр шигээ үнэлэх, хүндлэх, эрх сонирхолын хувьд шударга тэгшээр зэрэгцэн орших, бараг л симбиоз хам амьдрал харилцаанд өөрийгөө захируулах, заримдаа бүр асар дээд, хүмүүн бус бурханлаг ухамсраар өөрийгөө золиослох ч шаардлага хүчтэй гарч ирнэ. Энд хамгийн гол нэг зүйл нь хүн өөрийгөө бусдын тус буянд буюу нийтийн сайн сайханд зориулах, хар амиа, хувь сонирхолоо түрүүнд тавилгүйгээр их бодь сэтгэлийг барин биеэ золиослох дээд ариун, нийгэмч чанарыг олох зарчим юм. Жинхэнэ иргэнлэг нийгэм гэдэг бол зөвхөн ийм соёл иргэншилт нийгмийг л хэлэх ёстой. Энэ мөн чанар, ёс зүй Монголын өнөөгийн нийгмийн харилцаанд сох дутаж байна. Иргэний нийгмийн жинхэнэ агуулга, хэлбэр, мөн чанарын талаар бүрэн, зөв ойлголт манай нийгмийн сэтгэлгээнд нэвтрээгүйгээс яг зөв зорилго тавихгүй, нийгмийн үйл явц ард түмний нийтлэг эрх ашиг, хүсэлд зохицохгүй байгаа нь Монголын бодит амьдралаас, төр засгийн практик үйл ажиллагаанаас тодорхой харагдаж байна.
1999 он.
Дажсүрэнгийн Лхагвадорж