"Хайрыг булаасан хүн"
"Өчигдрийн шархыг эдгээхгүй бол маргааш өөдлөхгүй" гэж нэрт сэтгэл зүйчийн хэлсэн айхтар үнэн үг "BEAUTIFUL DAY IN THE NEIGHBORHOOD” киног үзээд эрхгүй санаанд буулаа. Хүүхдийн нэвтрүүлгийн продюсер, нэрт хөтлөгч Фрэд Рожерийн амьдрал уран бүтээлийн тухай өгүүлэх уг киног тэсэн ядан хүлээж буйгаа өмнө нь та нартаа хуваалцаж байсан даа!
Том Ханкс гол дүрийг амилуулж, бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн "BEAUTIFUL DAY IN THE NEIGHBORHOOD” хайрын тухай, уучлалын тухай, зүрхний гүн дэх дотоод хүний тухай өгүүлсэн гайхалтай бүтээл болжээ!!!
Өнөөдөр бид насанд хүрсэн, мэргэжил боловсрол эзэмшсэн, гэрлэсэн, ээж аав болсон, нэр хүндийн оргилд хүрсэн хэнбэ гуай ч байж болно. Гэхдээ хүн бүр нэг ижил замыг туулсан. Тэр бол хүүхэд нас. Өөрийгөө хамгаалж үл чадах эмзэгхэн, ариухан хүүхэд нас гэгч тэр богинохон агшинд юу мэдэрч, юу туулж, хэр хэмжээний хайр халамж, урам зориг, чин сэтгэл эсвэл доромж, гүтгэлэг, гологдол, үл хайхрал амсаж хүн болох замдаа хөл тавьсан бэ гэдэг хичнээн чухал хийгээд өнөөдрийн бидний амьдралд тохиож буй олон ээдрээт асуудлын гол зангилаа байдаг тухайд уг бүтээл хөнджээ.
Энэ бол тэр чигээрээ Фрэд Рожер гэх хүний үзэл бодлын амин сүнс. Энэ л зорилгын улмаас тэрээр тухайн үеийн хамгийн хүчтэй зэвсэг телевизийг ашиглан хүүдүүдэд гэрэл гэгээ, урам зориг хайрлахаар "Mrs Roger’s Neigbhorhood” гэх цуврал нэвтрүүлгээ хийж эхэлсэн байдаг.
Киноны үйл явдлын тухайд товчхондоо уг нэвтрүүлгийн талаар ажиглалт хийж, сэтгүүлд нийтлэл бичихээр редакцаасаа томилолт авсан Лоед гэх залуухан сэтгүүлчийн тухай. Тэрээр нэвтрүүлгийг сурвалжлах гэхээс илүү өөрийгөө уудалж, эцэгтэйгээ олон жил таарамж муутай явсны урхаг үзэн ядалтаар тэжээгдсэн түүний зүрхэн дэх шарх Фрэд Рожер гэх агуу хүнтэй учирснаар хэрхэн илааршиж, эвлэрэл уучлалд хүрч байгаа тухай киноны үйл явдал өрнөдөг. Улмаар залуу сэтгүүлчийн бичсэн нийтлэл олон уншигчийн талархлыг хүлээж, тэргүүн нүүрэнд хэвлэгдэн оны шилдэг бүтээлээр шалгарч эдгэрэл, баяр хөөр, уучлал, талархлаар кино төгсдөг.
Энэхүү киноны үйл явдал шиг хүүхэд бүр аз жаргалтай дардан замаар замнадаггүй нь даанч үнэн. Эцэг эхийн салалт, өнчрөл хагацал, найз нөхөддөө гологдох, гадуурхагдах, хүнд өвчин тусах зэрэг амьдралын хатуу үнэнтэй нүүр тулж буй бяцхан үзэгчдийнхээ нулимсыг арчиж, урам зориг, тэнхрэл, чин сэтгэл, хайрыг түгээсэн “Mr Roger's Neigbhorhood” нэвтрүүлэг, түүний найруулагч, хөтлөгч Фрэд Рожер-ыг дунд насны америкчууд андахгүй, нэгэн үеэрээ тэр хүнийг хайрлан хүндэлдэг нь гайхалтай.
Фрэд Рожер-ыг насан эцэслнээс хойш нэвтрүүлэг “Daniel tiger’s neighborhood” болон шинэчлэгдсэн аж.
Эцэст нь хэлэхэд телевизийн програм хүүхдэд нөлөөлөх хүч суларч оронд нь ямар ч зорилго чиглэлгүй, мэргэжлийн бус ихэнхдээ ашиг хонжоо хөөсөн, тоглоом борлуулах сэдэлтэй YouTube бичлэг газар авсан эмгэнэлтэй энэ цаг үед тэр мундаг хүнийг дахин сануулж, дэлгэцнээ амилуулан олны хүртээл болгож бгаад талархаад баршгүй.
Tsegy`s journal