Төрсний дараах сэтгэл гутрал гэр бүл салалтын шалтгаан болж байна
Төрсний дараа эмэгтэйчүүдийн даавар болох эстроген болон прогестроны ялгаралт эрс багасдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог Серитонин буюу аз жаргалын гормон болон Неоадерналин мэдрэлийн эс дамжуулагч буурахад нөлөөлдөг. Улмаар амаржсан эхчүүл амархан сэтгэлээр унаж эхэлдэг байна.
Серитонин дутагдах үед хүнд гуниглах, айх, ганцаардах, хоолны дуршил ихсэх, буурах гэх мэт шинж тэмдэг илэрдэг бол неоадерналин дутагдах үед анхаарал төвлөрөлт, ой тогтоолт муудах, мэдээллийг удаан хүлээж авах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг. Харин дээрх шинжүүд нь 2-3 долоо хоног үргэлжилдэг аж.
Түүнчлэн хүүхэд гаргасан эмэгтэй хүн бүрд энэхүү сэтгэл гутрал явагддаггүй бөгөөд үйл явц нь ч харилцан адилгүй байдаг. Хэрвээ удаан хугацаанд буюу 4-өөс дээш 7 хоног байнга уурлаж уцаарлах, нойргүйдэх, их уйлах, эцэж ядрах, өөрийгөө буруутгах, амьдрах хүсэлгүй болох, итгэл найдвараа алдах гэх мэт шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.
Гэхдээ судалгаагаар нийт амаржсан эхчүүдийн 50-75 хувь нь төрсний дараах сэтгэл гутралд өртдөг болох нь батлагджээ. Жирэмсний даавар огцом буурснаас үүдэх энэхүү сэтгэл зүйн асуудал нь эмэгтэй хүмүүсийн онцлогоос хамаарч 2 янзаар явагддаг.
1. Хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал (Baby blue)
Төрсний дараах эхний 2 долоо хоногт үргэлжилдэг бөгөөд аажимдаа хэвийн байдалдаа орж, сэтгэл санаа нь тогтворждог.
2. Хүнд хэлбэрийн сэтгэл гутрал (Postpartum depression)
Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжлэх сэтгэл гутралыг ийнхүү нэрлэдэг. Энэ үед тухайн эмэгтэй аль болох өөрийгөө тайван байлгах хэрэгтэй бөгөөд элдэв гаж буруу үйлдлээс холуур байх нь зөв. Бүр болохгүй бол мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах шаардлагатай.
Манайд төрсний дараах сэтгэл гутралын талаарх мэдээлэл харьцангуй дутмаг байдаг учир үүнээс болж гэр бүлийн харилцаанд ан цав үүсэх нь бий. Тиймээс гэр бүлийнхэн нь амаржсан охиндоо, эхнэртээ аль болох сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, физиологийн жамаар явагддаг тус сэтгэл гутралыг хамтдаа даван гарахын тулд хичээх ёстой юм.
Сэтгэл зүйн хямрал нь удаан хугацаанд үргэлжлэх тусмаа өөрт болон өрөөлд хор хөнөөл учруулах эрсдэлтэй байдаг. Жишээлбэл, гаж буруу зүйлд уруу татагдах, хий юм харах, нойргүйдэлд өртөх, төсөөллийн айдастай болох, эр нөхрөө хардах, бусдыг буруушаах, өөрийгөө голж бусадтай харьцуулах, хэт их санаа зовох цаашлаад амьдрах хүсэлгүй болж өөрийгөө егүүтгэх үйлдлийг ч хийж болдог.
Мөн эр нөхрүүд эхнэрээ сэтгэл зүйн хямралд өртсөнийг мэддэггүйгээс болж хосуудын харилцаанд үл ойлголцол үүсэж, гэр бүл салах, араар тавилтын тохиолдлууд ихээхэн нэмэгдэж байна. Гэр бүл салалтын үр дүнд хүүхэд хамгийн ихээр хохирч байгааг үүнд дурдах нь зүйтэй биз ээ. Тиймээс эрчүүд энэ асуудалд буурь суурьтай хандаж, гэргийгээ ойлгож, ярилцаж, хүүхдээ асрахад нь тусалж байх хэрэгтэй юм.
Төрсний дараах сэтгэл гутралд дараах хүчин зүйлс нөлөөлдөг.
• Нойр муудах,
• Нийгмийн болон сэтгэл санааны дэмжлэг хангалтгүй,
• Хүүхдийн эрүүл мэнд сайнгүй байх,
• D витамины дутагдал,
• Жирэмсний үед болон төрсний дараа сэтгэл зүйн цочролд орсон,
• Өмнө нь сэтгэл гутралтай байсан, эсвэл жирэмсний үеийн сэтгэл гутрал үргэлжилсэн,
• Гормоны өөрчлөлт, амьдралын шинэ хэв маяг.
Нэмж дурдахад ихэнх эмэгтэйчүүд сэтгэл гутралд орсноо нууж, ганцаараа хэнд ч хэлж чадахгүй шаналах нь бий. Энэ нь асуудлыг улам даамжруулдаг учир дэргэд байгаа хүмүүс нь үргэлж анхаарч, ярилцаж, туслах байх зүйтэй. Энгийнээр бол, хэвийн харагдаж байгаа бүхний дотор ямар ч эмзэглэл нуугдаж байж болдог гэдгийг санах нь чухал билээ. Ингээд ч зогсохгүй шинэхэн аавуудад ч тус сэтгэл гутрал явагддаг болохыг эрдэмтэд нотолсон байдаг юм шүү. Тиймээс гэр бүлийн харилцаагаа эрүүл байлгахын тулд эхнэр, нөхрүүд бие биеэ аль болох ойлгож, хайрлаж байх хэрэгтэй юм.
Сэтгэл зүйн тусламж үйлчилгээний хувьд аваад үзвэл манай улс дэлхий нийтээс хоцорч яваа хэдий ч сүүлийн жилүүдэд харьцангуй бага багаар өсөлт дэвшил ажиглагдах болсон. Ялангуяа сэтгэл зүйн хямралд өртөж буй зарим хүмүүс мэргэжлийн хүмүүст хандах ёстойгоо, стресс тайлах аргатай болох хэрэгтэйг нэлээдгүй ухамсарлаж байгаа нь харагдах болсон байна лээ.
Хүн гэдэг өөрөө сэтгэлийн амьтан учраас үүнийг уншиж буй бүх хүмүүс нялх биетэй эмэгтэйг элдэв янзаар шүүмжилж, өөлж гоочлолгүй хамгийн сайхан үгсээр магтан сайшааж байгаарай.
Э.Анударь
Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.