Чили улсын цэргийн нисэх онгоц Антарктикаас Чилийн нисэх хүчний баазыг чиглэн нислэг үйлдэж байгаад радараас алга болсон тухай мэдээллээ.
С-130 Геркулес загварын онгоц орон нутгийн цагаар 16 цаг 55 минутад Пунта Аренагаас хөөрч, цаг орчмын дараа буюу 18:00 цагт холбоо тасарсан тухай ВВС мэдээлэв. Онгоцон дотор нислэгийн багийн 17 гишүүн, 21 зорчигч, нийт 38 хүн байгаа гэжээ.
Чилийн нисэх хүчнээс сураггүй болсон онгоц, зорчигчдыг хайх, осолдсон тохиолдолд аврах эрэл хайгуулын ажлыг эхлүүлсэн тухай мэдээлсэн байна. Хайгуулд F-16 загварын байлдааны хоёр онгоц, дөрвөн усан онгоцыг дайчилжээ. Эрх баригчид онгоц алга болох үедээ Жорж хааны арлын Чилийн Ерөнхийлөгч Эдуардо Фрэй Монтальвагийн бааз дээгүүр нисэж байсан хэмээн мэдэгджээ.
Цэргийн онгоцыг нийслэл Сантьяаго хот дахь Керрилос нисэх хүчний баазаас хянаж байжээ. Тус улсын төрийн тэргүүн Себастьяан Пинера 38 хүн бүхий цэргийн онгоц алга болсонд сэтгэл түгшин зовж буйгаа Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.