Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас (WADA) хойд хөршийн аливаа спортын тэмцээн уралдаанд оролцох эрхийг 4 жилийн хугацаанд хассан болохыг BBC мэдээллээ. Ингэснээр дараа жил болох зуны олимпын наадам, 2022 оны хөл бөмбөгийн ДАШТ зэрэг томоохон тэмцээнүүдэд Оросын баг тамирчид оролцохооргүй болж байна.
Гэхдээ Оросын төрөөс зохион байгуулсан гэгдэж буй сэргээшийн асуудалд оролцоогүй нь батлагдсан тамирчид улсаа төлөөлж биш, олимпын тугийн дор оролцох боломжтой аж.
WADA-ын удирдах зөвлөл Швейцарын Лозанн хотод хийсэн уулзалтаараа уг шийдвэрийг санал нэгтэйгээр гаргасан аж. Оросын допингийн эсрэг агентлаг энэ оны нэгдүгээр сард WADA-ын шалгагчдад үзүүлсэн дээжид санаатайгаар өөрчлөлт оруулсан нь гол шалтгаан болсон байна.
Оросын допингийн эсрэг агентлаг 21 хоногийн хугацаанд уг шийдвэрийн эсрэг давж заалдах эрхтэй бөгөөд хэрэв хүсэлтийг нь хүлээн авсан тохиолдолд Олон улсын Спортын арбитрын шүүх шийдвэр гаргах болохыг WADA мэдээлжээ.
Сануулахад, 2018 оны Пёнчаны өвлийн олимпд Оросын тамирчид дээрх шалтгааны улмаас эрхээ хасуулж, харин "нэр цэвэр" 168 тамирчин Олимпын тугийн дор тэмцээнүүддээ оролцож байсан билээ. Харин зуны олимпын хувьд чөлөөт бөх, жүдо, гимнастик болон багийн спортын төрлүүдэд Оросын баг хамгийн өндөр амжилтыг үзүүлдэг юм.