Хамтдаа тэмцэж чадахгүй бол амаа хамхиж сурцгаа!!!
Өнгөрсөн 7 хоногт буюу 12 сарын 2-ны өдөр Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” төслүүдийг дэмжиж баталсан. Тэгвэл үүний хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Авто зам ашигласны төлбөр 5 дахин нэмэгдэхээр болж, олон нийтийн бухимдлыг нэлээдгүй төрүүлж эхэлсэн юм.
Харин ирэх жилийн төсвөө баяртай гэгч баталсан дарга нарын тэврэлдсэн бичлэг зургууд цахим орчинд жаргалтайгаар хөвөрч байх үед түгжрэл дунд хамаг цагаа бардаг, чанарын шаардлага хангахгүй авто замаар 4 улирал зорчдог жолооч нар уур хилэндээ баригдаж байв.
Цагдаа нарын хамгаалалт дор, гэрэл дохиогоо хангинуулан давхидаг том дарга нарын үзэж буйгаар авто зам ашигласны төлбөрийг ашиглаж байгаа хүн нь өөрөө төлөх ёстой бөгөөд иргэд жилд 10 мянган төгрөг төлж байж төрөөсөө сайн авто зам нэхэх эрхгүй гэнэ.
Хангалттай татварын дарамтанд "дарлуулж", зээлээс зээлийн хооронд арилжааны банкнуудын хүүд "шулуулж" байгаа Монголын иргэд угаас сайн төрийн бодлогыг мэдэрч байсан удаагүй. Ялангуяа дэд бүтэц, хот төлөвлөлтийн талаар яриад ч хэрэггүй. Тэгвэл энэ бүхэн ард түмний л буруу юм байна. Бид бага татвар өгч байгаа болохоор энэ улс орон хөгжихгүй, авто зам нь чанаргүй байгаа аж.
Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр нийслэлийн төсөвт 70 гаруй тэрбум төгрөг төвлөрч түүгээр нь жолоочдын зорчиж байгаа замыг засаж, янзлах юм гэнэ. Хэнд, юунд итгээд "За май" гээд зовж олсон мөнгөө өгөх вэ?
Нийгмийн даатгалын сан нь хүртэл Капитал банкны дампуурлаар салхинд хийсчихсэн, он гараад ард иргэд л түүний лайг үүрч цалингийнхаа бараг тал шахмыг татварт өгөхдөө тулчихаад сууж байна шүү дээ.
Үүнтэй холбоотойгоор жолооч нар өнөөдөр авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцсэн шаардах бичгийг хотын удирдлагад хүргүүлэхээр жагслаа. Тэд өглөө 07.00 цагт цуглаж, жагсаалаа эхэлж, дуут дохиогоо дуугаргаж, хотын удирдлагуудыг шаардлагыг нь өөрсдийн биеэр гарч ирж авахыг шаардаж байсан юм.
Жолооч нар нийгмийн даатгалын сангаас дутсан хөрөнгийг татвар нэмэх байдлаар бус хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан албан тушаалтнуудад хариуцлага тооцох замаар нөхөхийг шаардаж эсэргүүцлээ илэрхийлэв. Энэ нь ч маш зөв юм. Бид эрх баригчдын гаргасан алдаа бүрийн бурууг үүрэх ёсгүй.
Тэдний ачаар...
Өнөөдрийн тайван жагсаалын үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзлаа. Тэрбээр олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар нэг асуудлаар шийдвэр гаргахдаа иргэдийн санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх нь зүйтэй гэдгийг сануулаад тус шийдвэрийг НИТХ-аар дахин хэлэлцүүлэхийг үүргэдсэн байна. Харин С.Амарсайхан тооцоо, судалгаагаа дахин нягталж, хуулийн хугацаанд нь НИТХ-д хандана гэдгээ хэлжээ. Гэхдээ түүнд ерөнхий сайдын үүрэг нэлээд хүндээр туссан бололтой харагдсаныг нэмж дурдах нь зүйтэй биз.
Ингээд харахаар бид тэмцэж л чадвал хүссэндээ бага ч гэсэн хүрч чадаж байна. Гэхдээ нийт ард иргэдийн эрх ашгийн төлөө нэгдэж, тэмцэж байгаа жолооч нараар бид бахархах ёстой байтал зарим хүмүүс цахим орчинд "Хотын төвд түгжрэл үүсгэж байна. Ажлын бус цагаар ийм юмаа зохион байгуулж болдоггүй юм уу" гэхчлэн шүүмжийн үгсийг хайр найргүй чулуудаж, зарим нь бүр жагсагчдын "попрох" гээд ядчихсан "ажилгүй" гэж ёжлох нь тэр...
Хэрвээ тэд өнөөдөр жагсаагүй бол Ерөнхий сайд үүн дээр анхаарал хандуулах ч үгүй байсан. Улмаар төлбөр нэмэгдэж бидний халааснаас илүү мөнгө урсан гарах байсан. Тэгэхээр өөрсдийнхөө төлөө тэмцэж чадахгүй бол ядахдаа дуугүй байж сурмаар байна. Бага ч гэсэн үр ашгаа өгч байгаа зөв тэмцлийг ард түмэн "зөв"-өөр сэвдэг болмоор байна. Эцэстээ гарах сайн, муу бүх л үр дүнг бөөндөө хамтдаа үүрэх байж юунд нэг нэгнээ хэмлэх вэ? Эргээд санавал бие биеэ дэмждэг, нэгдэж чаддаг сайхан Монгол зан уг нь бидний цусанд бий дээ...
Э.Анударь
Эх сурвалж дурдахгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.