Хятадын төрийн албанд гадаадад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, програм хангамж ашиглахыг хоригложээ
БНХАУ-ын Засгийн газар өөрсдийн төрийн албанд ашиглаж буй бүх гадны компьютер, техник хэрэгсэл, програм хангамжийг ойрын гурван жилийн хугацаанд нүүлгэж, устгахаар болсон гэдгийг "Financial Times" мэдээлжээ.
Засгийн газрын албан газруудаас гадна олон нийтийн хүрээлэнгүүд ч мөн гадны программ хангамж, компьютер техникээс татгалзах юм байна. Тухайлбал АНУ-ын үндэстэн дамнасан томоохон фирм корпорациуд болон "HP", "Dell", "Microsoft" зэргийг хэрэглээнээс хасахаар төлөвлөжээ.
Энэ нь Вашингтон Хятадын технологиос татгалзаж буй шийдвэрийн хариу үйлдэл гэж эх сурвалжид дурдсан байна. Хятад, Америкийн худалдааны дайн технологийн хүйтэн дайн руу эргэн шилжиж байгааг судлаачид анхаарууллаа.
Ерөнхийлөгч Дональд Трампын ажлын албанаас Америкийн компаниудыг Хятадын харилцаа холбооны Huawei компанитай худалдаа эрхлэхийг хориглосон юм. Үүний дараа "Google", "Intel", "Qualcomm" зэрэг томоохон компаниуд Huawei-тэй хийж буй хамтын ажиллагаагаа царцаагаад байна.
Financial Times-ын тооцсоноор Хятадын Засгийн газар ирэх жилээс эхлэн 20-30 сая техник хангамжийг солих ёстой. 2020 онд 30, 2021 онд 50, 2022 онд үлдсэн 20 хувийн техник хангамжийг дотоодын техникээр солих юм. Хятадын Засгийн газрын албан байгууллагууд дотоодын үйлдвэрийн "Lenovo" брэндийн компьютерыг ашигладаг ч компьютерын процессорын чип, санах ой зэргийг АНУ-ын компаниуд үйлдвэрлэсэн байдаг.