Хамт олны уур амьсгал бүрдсэн газар ажлын бүтээмж өндөр байдаг тул томоохон байгууллагууд ажилчдынхаа мэдлэг боловсролоос илүү зөв хандлагыг чухалчилж байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Нүүрс ачилт, ложистикийн хэлтсийн бүсгүйчүүд санаачлан “өөрчлөлтийг өөрөөсөө” уриатай "Зөв хандлагыг түгээе" уралдаант сорилыг сарын турш зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Тус сорил нь цагийг үр ашигтай өнгөрүүлэх, эрүүл, зөв хэвшлийг бүтээх, эерэг хандлагат бусдыг уриалах зорилготой юм. Энэхүү уралдаанаар оролцогчид 5 эерэг дадлыг өөртөө хэвшүүлэхээр өдөр бүр эрт босох, талархал бичих, эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх, бусдыг баярлуулах гэсэн даалгавруудыг биелүүлжээ. Үүнээс гадна сорилын хүрээнд сайн үйлсийн аянд оролцож, “Баярлалаа”, “Намайг уучлаарай” зэрэг аяныг 7 хоногт нэг удаа өрнүүлсэн байна.
Ийнхүү Монголын ТОП аж ахуйн нэгж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн бүсгүйчүүд стрессгүй, аз жаргалтай, ажлын таатай орчныг бий болгохоор зорьж буй хүмүүст Бие-Сэтгэл-Оюунд эерэг нөлөө үзүүлсэн тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг уриалав.