Эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг В.Путин онцлов
Хятад руу байгалийн хий дамжуулах бүтээн байгуулалтыг гурван улсын оролцоотойгоор Монголоор дамнуулах боломжийг судлахыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үүрэг болгов. Энэ тухай Оросын удирдагч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаар ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев өнгөрсөн баасан гаригт мэдээлснийг ТАСС агентлаг онцолсон байна.
Гурав дахь улс орныг татан оролцуулснаар талууд эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх сайхан боломж бий хэмээн Монголын Ерөнхий сайдтай хийсэн уулзалт дээр В.Путин мэдэгджээ.
Хятад руу байгалийн хийг Монгол Улсаар дамнуулан нийлүүлэх боломжид хамтарсан үнэлгээ хийх тухай санамж бичигт “Газпром”-ын захиргааны дарга Алексей Миллер болон Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нар арванхоёрдугаар сарын 5-нд гарын үсэг зурсан билээ.
“ОХУ-аас байгалийн хийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамнуулан Хятад улс руу хоолойгоор нийлүүлэх төслийг хэрэгжүүлэх боломжид хамтарсан үнэлгээ хийх асуудлыг энэхүү баримт бичигт тусгажээ” хэмээн “Газпром”-ын мэдээнд дурдсан байна.
Эх сурвалж: Polit.mn