ОХУ-ын зүгээс Монгол Улсыг ШХАБ-д “жинхлэхэд” дэмжинэ
Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын байнгын гишүүн болгоход ОХУ-ын зүгээс дэмжиж байгааг “Спутник” мэдээллийн агентлагт мэдээлжээ.
“Монгол Улс бол ШХАБ-д ажиглагчийн статустай болсон анхны улс. Энэ утгаараа олон чиглэлээр хамтран ажилладаг. Бидний зүгээс Монгол Улсыг ШХАБ-ын байнгын гишүүн болоход баяртай байх болно. ШХАБ-ын байнгын гишүүн болох нь Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Азизов ярьжээ.
Анх 1996 онд хилийн аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор БНХАУ, Казахстан, Киргизстан, ОХУ, Тажикистан улсууд Шанхай хотноо байгуулж байсан юм. Улмаар 2001 онд албан ёсоор байгуулагдаж байсан юм.
Монгол Улс 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш Иран, Беларус, Афганистан улс ажиглагчийн статустай болсон билээ. Одоогоор дээрх дөрвөн улс л ажиглагчийн статустай юм. Харин 2017 онд газар нутгийн маргаантай байдаг Энэтхэг, Пакистан зэрэг улс бүрэн эрхт гишүүнээр элссэн билээ.
Монгол Улс ШХАБ-ын байнгын гишүүн болох талаар Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоогийн яриаг ЭНЭ холбоосоор үзнэ үү!