“Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлэг боллоо
Нийтийн тээврийн төлбөрийн системийн өнөөгийн нөхцөл байдал, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, удирдлагын болон цахим төлбөр тооцооны нэгдсэн системд оруулах талаар шийдэл тодорхойлох зорилготой “Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлгийг өнөөдөр Хангарди ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг, Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, Зам, тээврийн яамны төлөөлөл, нийслэлийн Нийтийн тээврийн газар, цахим бодлогын зөвлөлийн гишүүд, арилжааны банк, финтек болон бизнесийн байгууллагын төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх “Радио долгионы давтамж ашиглан бүртгэх систем /RFID/”, шилэн кабель, төлбөрийн системийн стандартуудын талаарх танилцуулгыг нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат хүргэлээ.
Мөн нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Улаанбаатар хотын богино хугацааны зогсоол”, НМТГ-ын Мэдээллийн сүлжээ, техник хяналтын хэлтсийн дарга Б.Түмэнбаяр “Телехяналтын камерын байршлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл”, “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд “Нийтийн тээврийн төлбөрийн систем”-ийн танилцуулга мэдээллийг хэлэлцүүлэгт оролцогчдод хүргэсэн юм.
Танилцуулгын дараа нийтийн тээврийн хэрэгслийн төлбөрийн системийг яаж илүү ухаалаг болгох, ямар шинэ үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой, цахим төлбөр тооцооны нэгдсэн системийн үйлчилгээг иргэдэд хялбар болгох талаар хэлэлцүүлэгт оролцогчид нээлттэй санал солилцож, ярилцлаа.
нэ үеэр нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Техник, технологийн энэ их хурдтай цаг үед төр, хувийн хэвшил хамтарч иргэдэд бүх төрлийн үйлчилгээг илүү хялбар хүргэх боломж бололцоог бий болгохын тулд ажиллах нь зүйтэй. Нийслэлийн зүгээс хэрэгжүүлж байгаа ажлуудаас танилцууллаа. Та бүхэн өөрсдийн технологийн боломжуудаа бидэнтэй хуваалцаж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэл болон нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж байгаа тодорхой төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс