Хятад иргэд хилээр дахиж орж ирэхгүй учраас хасалт хийлгэхээр авчирсан
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн E нь хятад иргэдийн олон тооны паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг багцлан улсын хилээр авч орж ирснийг Гаалийн газар илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
БНХАУ-ын иргэдийн олон тооны гадаад паспорт болон оршин суух үнэмлэхийг хилээр нэвтрүүлсэн асуудлын талаар Гадаадын иргэн, харьяатын газраас тодруулахад “Эдгээр иргэдийн паспорт бичиг баримтыг шалгаж үзэхэд “Таван толгой шин” ХХК-ийн шугамаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрлийн дагуу “HG “буюу хөдөлмөр эрхлэхээр 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл оршин суух зөвшөөрлийг манай байгууллагаас авсан байна лээ.
Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд бүр мөсөн нутаг буцах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд хасалт хийлгэх үүрэгтэй. Энэ дагуу эдгээр иргэд нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж орж ирэхгүй учраас дээрх хууль, журмын дагуу паспорт дээр “хасав” тэмдэглэгээ хийлгэж, оршин суух үнэмлэхийг нь хууралгахаар “Таван толгой шин” ХХК-ийн ажилтан бичиг баримтуудыг оруулж ирсэн” гэлээ.