200 мегапикселийн камертай ухаалаг утаснууд удахгүй худалдаанд гарч эхэлнэ
Технологийн "Qualcomm" компани "Snapdragon 865" хэмээх хагас дамжуулагч үйлдвэрлэж эхэлсэн болохоо зарлажээ. Энэхүү хагас дамжуулагчийн тусламжтай ухаалаг утас үйлдвэрлэг компаниуд 200 хүртэлх мегапикселийн хүчин чадалтай камер үйлдвэрлэх боломжтой болох юм байна.
Үүнтэй харьцуулж үзвэл "Samsung" , "Apple" компаниуд одоогийн байдлаар 12-14, "Huawei", "Oppo" компаниуд 48 мегапиксел бүхий камертай утас үйлдвэрлэдэг юм.
Жилээс жилд камерын чанарыг сайжруулах нь гар утасны үйлдвэрлэгчид маш чухал ач холбогдолтой зүйл болсоор байна. Учир нь хэзээнээс камерын үзүүлэлт нь шинээр гар утас худалдан авч байгаа хүмүүсийн гол анхаардаг зүйлсийн нэг байсаар ирсэн билээ.
Хятадын "Xiaomi" брэнд "Snapdragon 865"-ийг ашигласан анхны компани болохоор төлөвлөж байгаа бөгөөд тэд "Mi 10" хэмээх ухаалаг утсаа 200 мегапикселийн хүчин чадал бүхий камертай анхны утас болгохоор зорж байгаа юм. Тэгвэл "Samsung" компани ч мөн ирэх оноос эхлэн үйлдвэрлэгдэх ихэнх утсандаа тус хагас дамжуулагчийг суулгахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ эрчээрээ бүхий л ухаалаг утас үйлдвэрлэгч нар "Snapdragon 865"-ийг ашиглаж эхлэх магадлал өндөр байна гэж шинжээчид үзэж байгаа юм.