Үсний будаг, шулуун хими нь хөхний хорт хавдар үүсгэх гол хүчин зүйлүүд болохыг судалгаагаар тогтоожээ
Саяхан "Хавдар судлалын олон улсын сэтгүүл"-д нийтлэгдсэн судалгаанд үсний будаг байнга хэрэглэдэг эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах магадлал 60 хувиар нэмэгддэг гэж мэдээлжээ. Судалгаанд нийт 45,000 эмэгтэй хамрагдсан бөгөөд үсний будаг хэрэглэдэг эмэгтэйчүүд хорт хавдар илүү тусаж байгага тэд илрүүлсэн аж.
Судалгаанд оролцогчдын 55 хувь нь байнга үсээ буддаг гэж хариулсан байжээ. Судлаачдын үзэж буйгаар, үсээ тогтмол будах (тогтмол гэдэгт 5-8 долоо хоногт нэг удаа үсээ будахыг хэлж буй) нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэжээ. Гэвч эрсдэлийн хэмжээ цагаан болон өнгөт арьст эмэгтэйчүүдэд харилцан адилгүй байгаа аж. Тухайлбал, үсээ тогтмол буддаг цагаан арьст эмэгтэй хөхний хорт хавдар тусах магадлал 8 хувиар нэмэгддэг бол өнгөт арьст эмэгтэйчүүдийнх 60 хувь байгаа юм. Түүнчлэн шулуун хими ойр ойрхон хийлгэдэг эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах магадлал 18 хувиар нэмэгддэг гэж тус судалгаанд дурджээ.
Энэхүү судалгаа 2003-2009 оны хооронд үргэлжилсэн бөгөөд энэ явцад судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдээс 2794 нь хөхний хорт хавдраар оношлогджээ.
Химийн нэгдэл агуулсан үс арчилгааны зарим бүтээгдэхүүн хөхний хорт хавдар үүсэхэд тодорхой хэмжээгээр хамааралтай ч үсний будаг, шулуун хими нь хөхний хорт хавдартай шууд холбоотой гэдгийг тогтоогоогүй гэж судалгааны багийнхан тайлбарлаж байгаа юм. Гэвч эдгээр бүтээгдэхүүний найрлагад хорт хавдар үүсгэгч бодис, химийн найрлага байгааг судлаачид үгүйсгээгүй аж.