Жаргалтай хүмүүс бусдад атаархаж, нэгнээ шүүдэггүй
Энэ хорвоогийн бүхий л хүмүүс аз жаргалтай байхыг хүсдэг. Амар тайван, элбэг хангалуун, элэг бүтэн амьдрал үеийн үед л хүн төрөлхтний хамгийн том хүсэл мөрөөдөл нь байсаар ирсэн. Гэхдээ тэгш дүүрэн амьдрал хүн бүрд заяадаггүй нь харамсалтай.
Угаас амьдрал өөрөө хатуу юм хойно би энд гуниг, зовлон бүрийн талаар хүүрнэн өгүүлэх нь илүүц биз.
Гэхдээ нэг талаасаа "хүн" гэдэг энэ дэлхийн хамгийн хөнөөлтэй, хорон санаатай амьтан аж. Хүмүүс нийгэм хэмээх ширэнгэн ойд нэг нэгнээ хэмлэж, шүүж, атаархаж, өрөвдөж байгаа нэртэй бусдыг доромжилж, өөрөөсөө дор хүнийг уландаа дэвсэлж энхийн цагаан тагтаа шиг царайлж байдаг. Тийм хэрнээ тэд там, диваажин хоёрын зааг ялгааг ярьж, мухар сүсэгтээ автаж нүгэлийн нүдийг гурилаар хуурах нь бий.
Гудамжинд явж байгаа гөлгийг хөлөөрөө өшиглөх нэгэн номын дуу сонсож, гэгээрэлд хүрч тамаас дайжих нь юу л бол...
Ер нь бусдыг шүүж, атаархаж, өөрийгөө дөвийлгөх нь хэнд ашигтай вэ? Хэзээ нэг өдөр шороонд булагдаж, хумхын тоос болохын хооронд юуг зорьж өрөөлийг хэмлэдэг вэ гэдэг тун сонин.
Харин өөртөө сэтгэл хангалуун, аз жаргалтай хүмүүс бусдад атаархаж, хэн нэгнийг шүүдэггүй. Учир нь тэдэнд тийм өчүүхэн зүйлсэд анхаарах цаг зав, хүсэл огтхон ч байдаггүй аж.
Тэгэхээр аз жаргал гэдэг нь өөрөө тухайн хүний сэтгэлийн амар амгалан болж таарах нь ээ. Сэтгэл гэх гарт баригдаж, нүдэнд харагддаггүй хачирхалтай "эрхтэн" нь хүмүүний амин сүнс юм. Тэгэхээр тэрхүү амин сүнсээ бид сайхан бүхнээр ундаалж, эерэг бүхнээр тэтгэж, гол нь өөрөө өөртөө үнэнч байх хэрэгтэй байх нь.
Хогоор дүүрсэн сэтгэлтэй хүмүүс л хов ярьж, инээлдэн баясдаг тул тийм хүмүүсээс хол байх нь зүйтэй. Нэгэнтээ өнгөр тогтсон савыг зүлгээд ч өнгө ордоггүйн адил тийм хүмүүс хэзээ ч буруугаа ухаарахгүй. Харин амьдралын мөн чанарыг мэдэрсэн хүмүүс сэтгэлээ бурингартуулахгүй байх ёстойг яс махандаа шингэтэл ойлгосон байдгаас гадна хүмүүсийн төлөө хэтэрхий их өөрийгөө зориулахгүй байх ёстойг мэддэг.
Хэн нэгнээс сэтгэл хүлээх шиг хэцүү зүйл хаа ч байдаггүйтэй адил хэн нэгэнд зориулсан сэтгэлийнхээ хариуд шүүмжлэл хүртэх шиг гунигтай зүйл хаа ч үгүй билээ. Тиймээс өөрөө өөртөө хайрыг мэдрүүлж, амар амгалан, аз жаргалыг дэргэдээсээ мэдэрч, хөгийн жалга довны үзэлтэй хүмүүсийг яг тэр новшийн амьдралд нь орхиж сураарай. Үүнээс гадна жаргалтай нэгний амнаас уур хилэн, доромжлол гардаггүй гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй шүү.
Э.Анударь
Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.