Хятадын далай дахь хог хаягдлын хэмжээ сүүлийн 10 жилийн дээд цэгт хүрчээ
Хятадын эрх баригчид голын эрэг орчим хог хаяхтай тэмцэж эхэлснээс хойш далайн эрэг орчмын усан дахь хуванцар хаягдлын хэмжээ огцом нэмэгджээ.
Өнгөрсөн онд Хятадын далайн эрэг орчим хөвж байсан хаягдлыг хэмжээ 200 сая шоо метрт хүрсэн нь 2017 оныхоос 27 хувиар өссөн үзүүлэлт боллоо гэж Байгаль орчны яамнаас мэдээлэв.
Тус улсын далай дахь хог хаягдлын хэмжээ сүүлийн 10 жилийн дээд цэгт хүрсэн бөгөөд дийлэнх хэсгийг нь хуванцар хог эзэлж байгаа аж.
Хог хаягдлын ихэнхийг Хятадын зүүн эрэгт орших томоохон аж үйлдвэрийн бүс болох Янцзэ, Сувдан голын ойролцоо байрлах суурингууд хаяж байгаа юм байна.
"Одоогийн байдлаар далайн экологийн тэнцвэр алдагдахад хүрсэн. Дээрх хог хаяж байгаа газар нутгийн иргэд хүрээлэн буй орчны асуудалд санаа зовохгүй байгаагийн дээр үүнийг зогсоох тал дээр дорвитой санаачилга гаргахгүй байна" гэж Байгаль орчны яамны орлогч дарга Хуо Чуанлин хэллээ.
Байгаль орчны төлөөх байгууллагууд бүлгүүд Хятад улс голын усаа цэвэр байлгахын тулд далайдаа хогоо хаяж эхэллээ хэмээн санаа зовж байгаа аж.