Зам тээвэр, хөгжлийн яам (ЗТХЯ)-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ сарын 6-ны өдрийн 11:00 цагт болно. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хурлыг товлосон байна. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал долоон удаа хойшилж, жил гаруй хугацаанд дамнаж буй.
Уг хуралд шүүгчээр Д.Ренченхорол, яллагдагчаар Б.Махбал, улсын яллагчаар Б.Баярхүү, талуудын өмгөөлөгчөөр Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр, М.Алтанцэцэг, З.Хүрэлсүх, Ч.Отгонбаатар, Н.Баатардорж, хохирогчоор н.Өнөрцэцэг, Д.Доржсүрэн нар оролцох юм.
Б.Махбал нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм. Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө болж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайн үед бид мэдээлж байв.
Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Энэ зүйл ангид “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэжээ.