АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид “ДЦС-2” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Даваадулам, “Цагаан давс” компанийн захирал Д.Баатар нарт холбогдох хэргийг шалгаж нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн билээ. Тэгвэл прокурорын байгууллагаас уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”, 23.2-1-ийн “Хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Энэ дагуу хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 2-нд товлосон ч яллагдагч С.Бямбаахүүгийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан шалтгаанаар хойшлуулсан аж.
Зарим эх сурвалжийн өгүүлснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү эрх мэдлээ урвуулан тус компанийн агуулахад байсан, санхүүгийн бүртгэлд оруулаагүй 24.5 тн мазутыг “Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Баатар нар 24.2 сая гаруй төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөнгийг нь хувьдаа завшсан аж.