МАН-ын 2016 оны сонгуулийн амлалт гэж янзтай гоё үгс байдаг. Харамсалтай нь ажил хэрэг болсон нь бараг үгүй. Харин ч эсрэгээр нь хэрэгжүүлээд явчихсан юмнууд зөндөө бий.
Чухамдаа гурван жил гаруйн өмнө сонгуулийн санал авахын тулд өгсөн амлалтуудыг өнөөдөр яриад ч хэрэггүй. Учир нь амлалтаа биелүүлэх нь битгий хэл, ард түмэнд оногдох ёстой сангуудыг “цөлмөөд” дуусгаж байгаа мэдээлэл өдөр бүр шахам ил болох боллоо.
Жил гаруйн өмнө олон нийтэд ил болсон ЖДҮ-гийн асуудал бол гэмт хэрэг гэдгийг АТГ, прокурор тогтоосон. Энэ асуудалд МАН-ын 40 гаруй албан тушаалтан холбогдсон. Харин ЖДҮ-гийн хэргээс хэн нь сугарч үлдэж, хэн нь даагаад гарах вэ гэдэг дээрээ энэ намынхан их ярьж байх шиг байгаа юм. Магадгүй, ЖДҮ-гийн хэрэг, түүнд холбогдсон улстөрчид нь МАН-ын ирэх сонгуулийн дүнд нэлээд нэмэр үзүүлэх болов уу.
ЖДҮ-гийн хэрэг шийдэгдэж амжаагүй байтал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн асуудал бас босоод ирлээ. Юу болж дуусахыг бүү мэд. Юутай ч энэ сангаас “хүртсэн” арав гаруй гишүүний нэр гарч ирсэн байна.
Ер нь бол МАН-ынхан маргааш болохгүй юм шиг л өнөөдрийг өнгөрөөж байна. Гэтэл сонгууль болоход ердөө долоон сарын хугацаа үлдсэн. Тэр хэрээр улс төр халаад эхэлчихсэн.
Өмнөх гурван жилд эрх баригчид хоорондоо сандал, ширээний дайн, бас хажуугаар нь сан, төсвийн хуваарилалт хийж ирсэн. Харин өнөөдрөөс улс төрийн бүх хүчнүүд 2020 оноос хойш төр барих эрхийн төлөө тэднийг ухаж эхлэх нь дамжиггүй. Тэгэхээр 2016-2020 оныг хүртэл эрх баригчийн сэнтийд заларсан МАН-ынхан идсэн ууснаа навсайтал дэлгүүлнэ гэсэн үг. Өөр хэдэн санг ч ийм болгосон баримт сэлт гарч ирэх юм, бүү мэд.
Нэг тааруухан асуудал дэлгэгдэхээр МАН-ынхан бөөнөөрөө холбогддог. 2016 онд ард түмэн МАН-ынхныг олонхийн хүчээр хууль батлаад ажиллаад өг гээд 65-ууланг нь сонгосон. Гэтэл тэд элдвийн юм бүлэглэж хийгээд бай гээд сонгочихлоо гэж ойлгоод байгаа бололтой юм.
За тэгээд “жижиг сажиг”, ганц нэгээрээ тендер хуссан, концесс-дсон, хүчин хийсэн, хүний амины хэрэгт холбогдсон явдлуудыг ярих ч юм биш. Намын дарга нь ч ингэж хэлээд байгаа.
Ийм л хүмүүс Монголын төрд заларч сууна. Ингэж “идэж уусан” хэрэгт зай завсаргүй орооцолдсон МАН-ынхан харин 2016 онд намаа удирдаж ялуулсан дарга нараа албан тушаалыг нь бууруулж, заримыг нь шоронд хийлгэчихээд байцгааж байна. Яг үнэндээ Ц.Сандуйгийн асуудал бол эдний дэргэд юу ч биш. Ц.Сандуйг өмөөрч байгаа хэрэг биш. Нарийн харвал тэр хүн намын санхүүжилтийг хэрхэх вэ гэж ярьсан төдий байгаа юм. Харин Ц.Сандуйгийн журмын нөхөд нь өнөөдөр хувийнхаа санхүүжилтийг улсын сангуудаас арвижуулчихаад Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордноор дүүрэн налайцгааж байгаа юм. Тэдэнтэй хүн чанарын талаар бол ярилтгүй. Ард түмнийг даапаалж байгаа шигээ журмын нөхдөө ч шоглохдоо маш сайн. Нэг үзлийн дор олон жил дөрөө харшуулж ирсэн нэг намынхан гэж байгаа юм шүү дээ.
Гурав хоногийн өмнө бүлгийн хурлынхаа дараа нэгэн гишүүн “…Сандуйг эргэе” гэдэг санаачилга гаргажээ. “…Хамт явах хүн байна уу” гэж асуусан ч бүгд л “…Ажилтай” гээд гүрийсэн байгаа юм. Эцэст нь хэлэхэд, яг шударга ёс ярих юм бол Ц.Сандуйд дөрвөн жил оноосон бол сангуудад гар хуруугаа дүрсэн нөхдүүдэд дөчин жил оноох ёстой гэсэн логик гарч ирж байгаа юм шүү.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин