БХБ-ын сайд Х.Баделхан: Ус зохицуулах зөвлөлд байгаа зарим мэргэжилтнүүдэд усны улсын байцаагчийн эрх олгоё
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хот суурин газрын бохир усыг цэвэрлэх техник технологи муудаж, байгальд шууд хаяж, хүнд амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа. Улсын хэмжээнд 130 гаруй цэвэрлэх байгууламж байгаагаас ихэнх нь эвдрэлтэй. Цэвэрлэх байгууламжийн доголдлоос жилд 120 сая тонн шоо метр бохир усыг хаяж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Хот суурины усан хангамж, ариутгалын асуудал чухал. Гэр хорооллын усан сангаас судалгаа хийхэд микроорганизм маш их байдаг. Гэр хорооллын айлууд нэг литр нь нэг төгрөг. Тонн ус авахад 1000 төгрөг. Тээвэрлэхээр 10 мянган төгрөг. Уснаасаа тээвэрлэлт н өндөр байгаа. Тиймээс цаашдаа гэр хороололд дэд бүтэц авчрах шаардлагатай. Гэр хороолол гэж байгаа ч ихэнх нь байшин болчихсон. Дотор нь халуун, хүйтэн усны дэд бүтэц шийдвэл хөрсний бохирдол, утааны асуудал багасана.
БХБ-ын сайд Х.Баделхан:
-Энэ хуулийн төслийг дэмжиж өгөөч гэж УИХ-ын гишүүдээс хүсч байна. Үүн дээр ямар нэг нэмэгдэл зардал гарахгүй. Барилгын мэргэжлийн хяналтын байцаагч ус хангамжийн асуудлыг хариуцдаг. Тиймээс Ус зохицуулах зөвлөлд байгаа зарим мэргэжилтнүүдэд усны улсын байцаагчийн эрх олгоё.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Хот байгуулалтыг анхнаас нь зөв төлөвлөх хэрэгтэй байлаа. Төр нь хот байгуулахдаа дэд бүтцээ тавьж байна. Дэд бүтцээ зөв тавиад, үүнийхээ дагуу байшин барьж, дагуул хотоо хийдэг. Үүн дээр бид анхаарах ёстой хэмээв.
Ийнхүү гишүүд байр сууриа хэлсний дараагаар санал хураалт явуулав. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.