Олон улсын мөсөн баримлын уралдаанд монгол залуус түрүүлжээ
Өнгөрсөн сарын 25-30-ны өдрүүдэд Якутскад "Якутын очир эрдэнэ" цас, мөсөн баримлын олон улсын тэмцээн болж өнгөрчээ. Энэ тэмцээнд Белорусс, Канад, Хятад, Монгол, Украин, Оросын нийт 25 баг оролцон, өдөр бүр баримлаа гудамжинд хийн, олонд танилцуулж байсан бол тэмцээний сүүлчийн өдөр буюу 11 дүгээр сарын 30-ны өдөр "Өвөл Якутаас эхэлдэг" наадмын ёслолын ажиллагааны үеэр ялагчдыг зарласан байна.
"Мөсөн баримал" төрөлд "Харваач" бүтээлээрээ Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нар ялагч болжээ.
Хоёрдугаар байранд Красноярск болон Донецк мужийн уран бүтээлчид болох Сергей Асеев, Артем Самойлов нар "Добрыня, могой хоёр" бүтээлээрээ шалгарсан байна.
Гуравдугаар байранд Якутскийн уран бүтээлчид "Цасан хатан" бүтээлээрээ шалгарчээ. Цасан баримлын төрөлд Якутын уран бүтээлчдийн "Үлгэр төрөхүй" бүтээл шалгарсан бол хоёрдугаар байранд Монгол улсаас оролцсон Дашцэрэн Ганхүлэг, Нарантуяа Алтаншагай нар шалгарсан байна.