Ерөнхийлөгч Дональд Трамп Бразил болон Аргентины эсрэг худалдааны дайн эхлүүлэхээр болжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх даваа гаригаас эхлээд Бразил, Аргентинаас экспортолж буй ган болон хөнгөн цагаанд нэмэлт татвар ногдуулах болсноо мэдэгдээд зогсохгүй АНУ-ын Холбооны нөөцийн санг шүүмжилжээ.
Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Бразил, Аргентин нар "хямд үнэтэй ган болон болон хөнгөн цагаанаараа дамжуулж манай валютын ханшыг унагаж байгаа" гэж мэдэгдээд үүнийг зогсоохын тулд нэмэлт татвар тавина хэмээн жиргэсэн байна.
Үүний хажуугаар тэрбээр АНУ-ын Холбооны нөөцийн сан зээлийн хүүгээ бууруулах ёстой "ингэснээр ам.долларын ханш өсөх болно" гэжээ Трамп хэлэв.
Ерөнхийлөгч Трамп энэхүү мэдэгдлийг өнөөдөр Лондон хотод болох НАТО-гийн уулзалтад явахаас дөрөвхөн цагийн өмнө твиттертээ жиргэсэн байна.
Эдийн засагчид Трампыг олон улс оронд ногдуулсан татваруудыг шүүмжилж, эцсийн бүлэгт хэрэглэгчдийн нуруун дээр хамаг ачаа нь бууна хэмээн анхааруулсаар байгаа юм. Бусад улсууд, тэр дундаа Хятад улс АНУ-ын бараа бүтээгдэхүүний үнийн татварт хариу арга хэмжээ авч, худалдааны дайн эхлүүлээд байгаа билээ.
2018 оны хавар Трамп АНУ-руу импортлогдож байгаа бүх ганд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ногдуулж байсан аж. Харин тухайн үед удтал хэлэлцээр хийсний хүчинд Бразил, Аргентин улсуудыг энэ татвараас түр чөлөөлж байжээ.