Хар тамхины бүлэглэлүүдтэй тэмцэх асуудалд Америкийг хөндлөнгөөс оролцохгүй байхыг Мексик анхаарууллаа
Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор баасан гаригт "Мексикийн газар нутаг дээр байгаа хар тамхины наймаачдын эсрэг Америк цэргүүдийн явуулах гэж байгаа ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдсэн нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тус улсын хар тамхины картелуудыг террорист бүлэглэл гэж тодорхойлох төлөвлөгөөнөөс эмээж байгааг харуулав.
Мексикийн хар тамхины наймаа явуулдаг гэмт бүлэглэлүүд нь АНУ, Мексикийн хил орчмын газар нутагт асар их нөлөөтэй байдаг бөгөөд тус 2 орон түүний эсрэг олон жилийн турш хамтран тэмцсэн ч төдийлөн амжилт олоогүй юм. Үүний хажуугаар Мексикийн гэмт бүлэглэл болох картелууд нь хил орчмын жижиг суурингуудын иргэдийг хайр найргүй хүйс тэмтэрсэн тохиолдол удаа дараа гарч байсан юм.
Тиймээс Ерөнхийлөгч Трамп Мексикийн гэмт бүлэглэлүүдийг террорист байгууллага хэмээн тодорхойлон тэдний эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөөд байгаа аж. АНУ мөн өмнө нь Мексикийн газар нутаг дээр цэргийн үйл ажиллагаа явуулах хүсэлт тавьж байсан ч орон нутгийн эрх баригчид зөвшөөрөөгүй юм.
"1914 оноос хойш Мексикт гаднын цэрэг орж ирээгүй бөгөөд бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Зэвсэгт гадаадын иргэд манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй" гэж Лопес Обрадор хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.
АНУ-ын Ерөнхий Прокурор Уильям Барр ирэх долоо хоногт Мексикт айлчилж, аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар ярилцана гэж Мексикийн Гадаад хэргийн сайд өмнө нь мэдэгджээ. АНУ-ын Мексик дэх элчин сайдын яамнаас харин тайлбар авах хүсэлтэд хариу өгсөнгүй.
Энэ жил Трамп Мексикийн импортод нэмэлт татвар ногдуулсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсаас Мексикт хийх экспортын хэмжээг нэмэгдүүлэх, мөн Мексикээс орж ирж буй цагаачдын тоог бууруулах тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа юм.