"Дэлхийн мисс"-т Украйныг төлөөлөхөөр шалгарсан бүсгүйг "хүүхэдтэй" хэмээн тэмцээнээс хасжээ
24 настай загвар өмсөгч Вероника Дидусенко, Украины мисс 2018 тэмцээнд түрүүлсэн юм. Гэхдээ зохион байгуулагчид түүнийг ээж болохыг нь мэдээд цолыг нь хассан байна.
Тэмцээний дүрэмд тухайн оролцогч хүүхэдтэй бол Дэлхийн мисс франчайзид оролцохыг хориглодог аж. Одоо таван настай хүүгийн эх Вероника тус тэмцээний зохион байгуулагч нарыг шүүхэд өгөхөөр болжээ. Тэрбээр энэ талаар "21-р зуунд ийм дүрэм байна гэдэг утгагүй зүйл. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Дэлхийн Мисс ч гэсэн цаг үетэйгээ хам өөрчлөгдөх ёстой" гэж мэдэгджээ.
Тэрбээр тус тэмцээнд өөрийн ажилладаг компанийн нэрийг гаргахаар оролцсон бөгөөд ялсандаа үнэхээр баяртай байсан гэнэ.
Харин Дэлхийн Миссийн гол зохион байгуулагч "Miss World Organisation" компанийн гүйцэтгэх захирал дараах мэдэгдлийг хийжээ: "Манай оролцогч нар тэмцээнд оролцохын өмнө дүрмийг маань хүлээн зөвшөөрсөн бичиг баримтад гарын үсэг зурдаг. Гэхдээ хамгийн гол нь нэг зүйлийг бодож үзэх хэрэгтэй. Европт амьдардаг эмэгтэйчүүд илүү эрх чөлөөтэй байж чаддаг бол дэлхийн бусад газар амьдардаг эмэгтэйчүүд шашин шүтлэг болоод соёлын ялгаанаас болоод ийм төрлийн тэмцээнд оролцож чаддаггүй. Бид тийм нөхцөл байдлыг харгалзаад ийм дүрэм гаргасан болно."
Вероника Дидусенко энэ сарын 14-нд зохиогдох Дэлхийн Мисс 2019 болохоос өмнө титмээ эргүүлж авна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Тэрбээр "Орчин үеийн эмэгтэйчүүд миссийн үүрэг гүйцэтгэнгээ эх хүн байж чадна гэдгийг харуулна" гэж мэдэгдсэн байна.