Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНХАУ-д ажлын айлчлал хийлээ
Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын Ерөнхий прокурор Жанг Жуны урилгаар 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд “Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газар хоорондын хамтын ажиллагааны гэрээ"-нд хоёр улсын Ерөнхий прокурорууд гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээний дагуу хоёр орны хооронд эрх зүйн туслалцааны хүсэлтийг цахим хэлбэрээр шууд илгээж байх, Монгол Улсын прокуроруудыг БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын дэргэдэх Эрхзүйн академид жил бүр тогтмол мэргэжил дээшлүүлэх, давтан сургалтанд хамруулах, хил залгаа муж, аймгийн прокурорын газруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэсэн.
Ялангуяа хоёр орны хооронд эрх зүйн туслалцааны хүсэлтийг цахим хэлбэрээр хүргүүлэхээр тохиролцсон нь энэхүү ажиллагааг шат дамжлага багатай, түргэн шуурхай гүйцэтгэхэд нэн чухал алхам боллоо.
Мөн айлчлалын үеэр Шанхай хотод зочилж, Нийслэлийн прокурорын газар, Шанхай хотын прокурорын газартай хамтран ажиллах талаар ярилцлаа. Айлчлалын явцад Монгол Улсын Ерөнхий Прокуророос Монгол улс, БНХАУ, ОХУ-ын Ерөнхий прокурорууд бүс нутгийн хэмжээнд Байгаль орчин, экологийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 3 улсын хамтарсан хэлэлцээр байгуулахаар санал тавьсаныг хүлээн авч, хамтарсан ажлын хэсэг байгууллахаар боллоо. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын Ерөнхий прокурор Жанг Жуныг 2020 онд Монгол Улсад урьсан урилгыг тэрээр талархан хүлээн авсан байна.