Х.Баттулга: Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж байна
Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Цэргийн ахмад, офицер, үе үеийн ахмадууд, зочид төлөөлөгчид өө. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, улсын онц чухал объектийн хамгаалал, нийтийн хэв журам сахиулал, олон нийтийн авулгүй байдлыг хангах, терроризмыг эсрэг тусгай ажиллагаанд оролцох зэргээр хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлснийхээ төлөө Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд халуун баяр хүргэе. 1935 оны наймдугаар сарын 29-ний өдөр БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 321 дүгээр тушаалаар дотоодын цэргийн тусгай салаан нэртэйгээр байгуулагдсан дотоодын цэргийн 805 дугаар анги нь 1945 оны 428 дугаар тушаалаар Япон цэргийн олзлогсдыг хамгаалах хороо нэртэйгээр өргөтгөн зохион байгуулагдаж байжээ. Тусгай хороо батлъеоныг Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын 1988 оны Б323 дугаар тушаалаар нэгтгэж улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын 0230 дугаар тусгай хороо болгон өргөтгөсөн бөгөөд 1992 онд ЦЕГ-ын 145 дугаар тушаалаар дотоодын цэргийн 805 дугаар анги болгон өөрчилжээ. Хожим 2014 онд ЦЕГ-ын даргын тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтцэд шилжүүлж, хамгаалалтын гуравдугаар газар болгосон. Харин Засгийн газрын 280 дугаар тогтоолоор дотоодын цэргийн 805 дугаар ангийг дахин эмхэтгэн байгуулсан билээ.
Монголын төр цэргийн гавьяагаар шагнаж байгаа нь дотоодын цэргийн 805 дугаар түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд, алба хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж байгаагийн илэрхийлэл юм. Цаашид ололт амжилтаа бататган төрийн хуулийг чанд сахиж, үндэсний аюулгүй байдлыг ханган, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн төлөө боломж, нөхцөлөө дайчлан ажиллана гэдэгт итгэл төгс байна. Дотоодын цэргийн байгууллагын нийт алба хаагч, ахмад ажилтан чин сэтгэлийн халуун баярыг дахин хүргэж, амжилт хүсэхийн ялдамд албаныхаа нэрийг үргэлж өндөрт өргөж өгөхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь маань мандан бадраг” гэлээ.