Бүгд Найрамдах Солонгос улс /БНСУ/-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэн ноён Ли Ё Хун 2019.11.28-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан билээ.
Түүнийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэнд нь баяр хүргэв. Уулзалтаар талууд 2020 онд болох Монгол Улс-БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг өндөр хэмжээнд, үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх болоод хоёр орны залуу бизнес эрхлэгчдийг дэмжих асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт бизнесийн орон зай, харин БНСУ-д ноу-хау, технологи байгаа учраас хоёр орны залуусыг уялдаа, холбоотой болгох бизнес зөвлөл байгуулах санал гаргаад, энэ хүрээнд хийгдсэн судалгаа, төслүүдийг Элчин сайд Ли Ё Хунд гардуулан өгчээ. Үүрэгт ажилдаа орж буй Элчин сайд Ли Ё Хун халуун дотноор хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж, ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаа, оноог ажил хэрэгтээ тусгахаа илэрхийлжээ.
БНСУ-аас Монгол Улсад шинээр томилогдон ирсэн Элчин сайд Ли Ё Хун Монголд ирсэн даруйдаа буюу өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад оршин суудаг Солонгос иргэдийн нийгэмлэг, Монгол дах Солонгос бизнес эрхлэгчдийн холбоо, Тэам тэтгэлгийн сан, Солонгосын нийтийн хоол эрхлэгчдийн холбоо, Олон соёлт гэр бүлийн нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийсэн байна.