"Bloomberg": Хятадын эдийн засагт аюулын харанга дэлдэж эхлэв
Хятадын эдийн засгийн байдлын талаар "Bloomberg" дараах мэдээллийг гаргажээ:
Жижиг том гэлтгүй компаниудын өрийн хэмжээ нэмэгдэж, урьд өмнө байгаагүй бондын бүтцийн өөрчлөлт хийгдсэний улмаас Хятадын санхүүгийн өсөлт зогсох шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн нь улс орны бодлого боловсруулагчдыг туршиж байна.
Ши Жиньпиний засгийн газар өсөлтийг дэмжих, болгоомжгүй зарцуулалтыг өдөөхгүйгээр дэлхийн хоёр дахь том эдийн засгийг тэнцвэржүүлэх асуудал улам бүр хүндэрч байна. Эрх баригчид өнөөг хүртэл асуудалтай зээлдэгчдэд зээл олгохоос татгалзаж, найдвартай гэсэн салбаруудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсээр байгаа боловч Хятад улсын эдийн засгийн өсөлт багассаар байгаа юм.
Голдман Сакс Компанийн Ази, Номхон далайн эдийн засгийн асуудал хариуцсан ахлах эдийн засагч Эндрю Тилтон "Bloomberg" телевизэд өгсөн ярилцлагадаа "Хятадын бодлого боловсруулагчид эдийн засгаа тогтоон барихын тулд эрсдэл хүлээхийг хүсэхгүй байгаа" гэж хэлсэн байна.
Жижиг зээлдүүлэгчид болон бүс нутгийн төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа доройтож байгаа нь Хятад улсын хувьд тулгамдсан бэрхшээлүүдийн нэг юм. Жишээ нь Тианжин хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит технологийн "Tewoo Group" компани орон даяар үйл ажиллагаа явуулдаг "Huawei"-тэй өрсөлдөж чадахгүй байдалд орсноос болоод хаалгаа барихаас өөр аргагүй болжээ.
Энэ долоо хоногт гаргадаг Санхүүгийн тогтвортой байдлын тухай жилийн тайланд Хятадын төв банк нь бараг 4,400 зээлдүүлэгчдийн 586-ийг "өндөр эрсдэлтэй" гэж тодорхойлсон бөгөөд энэ нь хэвийн байх ёстойгоос 5 дахин илүү тоо юм. Түүнчлэн нийлүүлэлтийн хэмжээ хэрэглээний хэмжээнээс илүү болж байгаа аюулыг онцолжээ.
Хятадын төв банк болон бусад зохицуулагчид улсын өрийн хэмжээ 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 165 хувьд хүрсэн болохыг анхааруулаад ямар нэг дорвитой арга хэмжээ авахыг анхааруулсан байна.
Одоогийн байдлаар хөрөнгө оруулагчид улс орны санхүүгийн эрсдэлийг зохицуулж, эдийн засгаа тогтвортой байлгахад анхаарах ёстойг Төв банк сануулжээ.