Шинэчилсэн жагсаалтад багтсан 800 нэрийн эмд 20-80 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн арванхоёрдугаар тогтоолоор Даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг өнгөрсөн долдугаар сард шинэчилсэн билээ.
Уг журам ирэх сарын 1-ээс мөрдөгдөх юм. Шинэчилсэн журмын дагуу олгох эмийн үнийн хөнгөлөлтөд даатгалаас 34.9 тэрбум төгрөг зарцуулах аж. Тус жагсаалтыг шинэчлэхдээ Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн АНУ, Европ, Азийн орнуудад үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлыг олон улсын гэрчилгээтэй эмүүдийг багтаасан байна.
Тодруулбал, насанд хүрэгчдэд зориулсан, өргөн хэрэглээний 175 ерөнхий нэршлийн 643, хүүхдийн 53 төрлийн 159, нийт 800 гаруй нэрийн эмд 20-80 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэх юм байна. Ингэхдээ улсын хэмжээнд даатгалаар үйлчлэх эрхтэй 1000 гаруй эмийн сангаар олгох аж. Уг шинэчилсэн жагсаалтыг ЭМДЕГ-ын албан ёсны сайтаас харах боломжтой.