Мах боловсруулах үйлдвэрт аммиакийн хий алдагдаж дөрвөн хүн хорджээ
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн “Өв-Эко Мийт” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт "Аммиакийн хий алдагдаж, үнэртээд байна" гэсэн дуудлага 2019.11.28-ны өдрийн 12:40 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Цагдаагийн газрын 12 алба хаагч, Тагнуулын хэлтсийн 3 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 4 ажилтан, нийт 34 хүн, 9 автомашинтай 3 км замыг туулан 12:43 цагт очиж, “Газтек” агаар хэмжигч багажаар хэмжилт хийхэд чанар, найрлагад химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их /100ррм/ байсан тул аммиакийн хий /NH3/ дамжуулах шугамыг хааж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон 22 ажилтныг аюулгүй газарт гаргасан байна.
Тус үйлдвэрийн 216 м2 талбайд усаар саармагжуулалт хийж хэмжилт хийхэд химийн бодис /60ррм/-ын илэрц байсан бөгөөд нийт 5 цаг 57 минут ажиллаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул тухайн обьектыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад хүлээлгэн өгчээ.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн улсын хяналтын байцаагч тус үйлдвэрт хадгалагдаж байсан 3.1 тонн ястай мах, 175 кг цул махыг битүүмжилж, махнаас дээж авч УМЭАЦТЛ-д 11.29-нд хүргүүлсэн байна.
Аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн төвд 32 ажилтныг эмнэлгийн үзлэгт хамруулан 4 ажилтанд хордлого тайлах эмчилгээ хийж, гэрт нь буцаажээ.