НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон Элейн Конкиевич итгэмжлэх захидлаа гардууллаа
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон Элейн Конкиевичийг 11 дүгээр сарын 25-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хатагтай Э.Конкиевич итгэмжлэх захидлаа гардууллаа.
Уулзалт ярианы үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг тууштай дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд манай талаас дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлэв.
Тэрбээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй бодлогыг бэхжүүлэх, ногоон технологийг нэвтрүүлэх, Peacebook форумыг хамтран зохион байгуулах зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хатагтай Э.Конкиевич НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс жендэрийн тэгш байдлын хангах, хүүхэд залуучуудыг чадавхжуулахад эн тэргүүний ач холбогдол өгч ажиллаж буйг дурдаад Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч, нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
АНУ-ын иргэн Э.Конкиевич нь 2014 оноос хойш НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Казахстан Улс дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаад Монгол Улсад томилогдон ирсэн. Тэрбээр НҮБ-ын системээс гадна Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE), Швейцарын хамтын ажиллагааны HELVETAS зэрэг байгууллагад ажиллаж байсан туршлагатай ажээ.