Б.Баттөмөр: Рио-Тинто манай дүрмээр л тоглох ёстой. Үгүй гэвэл Оюутолгой төслийг ЦУЦАЛЖ болно
ИХ-ын гишүүн Баагаагийн Баттөмөртэй Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон УИХ-аас гаргасан “Оюутолгой төсөлд Монгол улсын эрх ашгийг хангуулах” тухай тогтоолын талаар ярилцлаа:
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-тай холбоотой шийдвэрийг УИХ-аас гаргалаа. Зарим гишүүд ахиад цэц дээр унах зааль орууллаа, нэлээн хэдэн тэрбум төгрөгийн алдагдалд орох нь ч гэж үзэж байна. Таны хувьд ямар байр суурьай байна вэ?
Өмнө нь гарсан цэцийн шийвдэр бол эцсийн шийдвэр. Хүндэтгэлтэй хандах ёстой. Иргэний гаргасан гомдол нь буруу байсан юм билээ. АМНАТ төлдөг аж ахуй нэгжүүд хэзээ ч давхардуулж төлж байгаагүй. Цэцээс давхцуулж авсан гэдэг шийдвэр гарсан. УИХ-аас хэзээ ч давхцахааргүй тогтоол гаргалаа. Хоёрдугаарт татварын өгдөг, авдаг тоо хэмжээнд ямарч өөрчлөлт ороогүй. Тэр гомдол гаргасан аж ахуй нэгжийн хувьд Тавантолгойгоос нүүрс авахдаа 2,5 хувийн АМНАТ төлдөг, гаргахдаа 6,5 хувиар гаргадаг. Энэ дунд дөрвөн хувийн татвар төлдөг гэсэн үг. Энэ бол дэлхийд байдаг л жишиг.
Газар доорх баялаг, нүүрсийг тээвэрлэж, авч байгаагын улмаас улсад, ард түмэнд олгож байгаа хувь гэж зарим хүмүүс үзэж байна шүү дээ. Заавал төлөх татвар биш юм шиг байна тийм үү?
АМНАТ бол зүгээр л төлбөр шүү дээ. Хаант засаглалтай улсуудад хааны татвар, хөгжингүй орнуудад ард түмний татвар гэдэг. Монгол улс бол баялгийн менежментээр дэлхийд хамгийн сүүлд ордог. Манай улсын нийт экспортын 90 хувь нь газрын баялаг. Татварын системийн бүтцийг аваад үзэхээр 24 хувь л ашигт малтмалаас бүрддэг. Ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилд улс эх орныхоо үнэт зүйл болсон орд газрыг эзэмшсэн цөөн хэдэн хүн баяжаад, ард түмэн олон арваараа ядуурдаг. Ийм учраас цаашдаа бид ашигт малтмалын ордыг ашиглах менежментийг зөв болгох ёстой. Хоёрдугаарт байгалийн баялгийг түүхийгээр нь бус аль болох дотооддоо нэмүү өртөг шингээж байж экспортлох хэрэгтэй. Ийм бодлогыг баримтлах нь төрийн үүрэг. Угаах, боловсруулах үйлдвэрүүдийг барих ёстой.
Сангийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдуудын дунд үл ойлголцол байсан шүү дээ. Ямартай ч их хэмжээний алдагдалд орно гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд онцолсон. Үнэхээр ийм нөхцөл байдал үүссэн юм уу?
2020 онд АМНАТ-с 1,3 их наяд төгрөг төвлөрүүлэх ёстой. Үүнийг 365 хоногт хуваагаад бодохоор өдөрт 4,9 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ бол аж ахуй нэгжүүдийг хохироогоод, татвараар нь дээрэлхээд байгаа зүйл огт биш. Ард түмэнд олгож байгаа нэмэлт эх үүсвэр. УИХ-ын шийдвэр нэгэнт гарчихсан учраас өгдөг авдаг нь хуулиараа явна. Шударга байх ёстой. Татварыг хэн нэгнээс өндөр авдаг зүйл байхгүй. Ер нь татварынхаа эрх зүйн орчныг сайжруулж, улам хатууруулах нь зүй. Тавар төлөхгүй л бол гадаадын ч бай, дотоодын ч бай аж ахуй нэгжүүд бизнес хийхгүй. Зарим хүнд таалагдахгүй байж ч болно. Гэхдээ л бид найран дундаа байж болохгүй.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол улсын иргэд, төр байгалийн баялагтаа эзэн болох, одоо байгаагаас арай илүү хувь хүртдэг байх тухай заалтууд орлоо гэж гишүүд, судлаачид үзэж байна. АМНАТ ч бай, Оюутолгой ч бай уул уурхай, түүнээс олох ашиг нь илүү баталгаажиж чадав уу?
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд байгалийн баялгийг ашиглах тал дээр нэлээд сайн заалт орсон. Монгол улс бол уул уурхайд суурилсан эдийн засагтай орон. Санхүүгийн хувьд банкинд суурилсан эдийн засагтай. Ашигт малтмалын үнэ өсвөл эдийн засаг сайжирна, буурвал дагаад буурдаг. Энэ тогтолцооноос салахын тулд Баялгийн сан, Ирээдүйн өв сан гэх мэт сангуудад мөнгө хуримтлуулаад байгаа юм.
Оюутолгойн гэрээ, Дубайн хэлэлцээр нэлээд олон сар яригдсаны эцэст сая нэг УИХ-аас шийдвэр гаргалаа. Олон нийт, нам, улстөрийн зарим хүчнүүд, иргэний нийгмийнхэн тэр чигтээ ашиггүй гэрээ болсон учраас цуцал гэсэн байр суурьтай байгаа. Ер нь цуцалж болох юм уу?
Оюутолгой төсөлд Монгол улсын эрх ашгийг хангуулах тухай гэсэн УИХ-ын тогтоол баталсан. Хамгийн нэгдүгээрт 2009 онд төрийн хууль дүрмийг зөрчсөн хувь нийлүүлэгчдийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөн засварлах, хоёрдугаарт Дубайн гэх хэлэлцээрийг цуцлах нь зүйтэй гэсэн Д.Тэрбишдагва нарын ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг барьж ажилла гэсэн ийм чиглэл бүхий тогтоолыг Засгийн газарт хүргүүлсэн. Эцсийн дүндээ энэ төсөл зогсохгүй явах ёстой. Мөн сайжрах ёстой. Ийм боломжийг бүрдүүлж чадахгүй бол дараагийн гарах гарц нь тодорхой. 34 хувийг эзэмшдэг Монгол улс 1,9 тэрбум долларын өртэй байж болохгүй. Цаашлаад энэ гэрээг хэрхэн ашигтай болгох хувилбарыг сонгох ёстой. Бүтээгдэхүүн хуваах гэрээ хэлбэрээр явуулж АМНАТ авдаг байж ч болно.
Дараагийн гарц нь мэдээж гэрээг цуцлах алхам байх. Гэвч энэ төслийн хөрөнгө оруулагч Рио-Тинто компанийнхан хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэх вийдээ?
С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар 21-р зууны гэрээ хийж мэддэггүй хүмүүс байж. Тэд гэрээ хийх ямар ч мэдлэггүй хүмүүс байж. Ч.Сайханбилэг Да.Ганболд нарын Дубайн хэлэлцээр шиг ашиггүй зүйл үгүй. Одоо бүх зүйлд цэг тавьж, Монголын талын ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх ёстой. Хөрөнгө оруулагч тал Монголын нутагт байгаа бол манай дүрмээр тоглоно. Хэлэлцээрийн ширээний ард суухгүй, дургүй байвал УИХ-ын 57-р захирамжид дурдсанаар гэрээг цуцлах л ёстой.
Эх сурвалж: ulsturch.mn