Гэр хорооллын алслагдмал айл өрхүүдэд дуудлагаар шахмал түлш түгээнэ
Яаралтай түргэн тусламжийн төвд 11 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд угаарын хийнд хүнд хөнгөн хэлбэрээр хордсон 18 өрхийн 40 иргэнээс дуудлага иржээ. Үүний 16 нь хүүхэд, 24 нь том хүн байжээ.
Иргэд зуух, яндангаа битүүмжлээгүй онгорхой орхисон, цоорхойг бөглөөгүйн улмаас угаартах гол шалтгаан болж байна гэж НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй онцоллоо.
Өмнө нь иргэд оршин суугаа газрынхаа ойролцоо ТҮЦ эсвэл дэлгүүрээс нүүрс худалдаж авдаг байсан. Харин одоо шахмал түлш борлуулах цэгүүд зарим айлаас хол, цөөн тоогоор байна хэмээн иргэд гомдол гаргах болжээ.
Иймд Нийслэлийн засаг даргын захирамжаар гэр хорооллын алслагдмал айл өрхүүдэд дуудлагаар түлш хүргэлтийн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Агаарын чанарын хувьд өнгөрсөн өвөлтэй харьцуулахад тоосонцор 60 хувиар, азотын давхар ислийн хий 20 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч нэмэгдэж байгаа тул иргэдийг түлшээ зааврын дагуу галлахыг Нийслэлийн онцгой комиссоос зөвлөлөө.