Берлин хотноо Чойжин ламын сүм музейн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд монголын түүх, өв уламжлал, шашин соёлыг хөгжлийг сурталчлан таниулах, хоёр орны соёлын харилцаа хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Чойжин ламын сүм музейн түүхэн гэрэл зургийг харуулсан “Мандала – нууц тарнийн сүм” үзэсгэлэнг Берлин хот дахь Германы Үндэсний номын санд нээж, “Богд хаант Монгол Улсын үеийн шашин, соёлын хөгжлийн асуудалд” сэдэвт монгол судлалын эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Чойжин ламын сүм музей, Берлиний Үндэсний номын сан хамтран зохион байгуулжээ.
Монгол судлалын эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Элчин сайд Д.Ганбат, Үндэсний номын сангийн Зүүн Азийн газрын захирал М.Каун нар мэндчилгээ дэвшүүлсний дараа Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэд болон Чойжин ламын сүм музейн удирдлага, Үндэсний номын сангийн Зүүн Азийн газраас илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тус бага хуралд нэрт монгол судлаач проф.др. Удо Баркманн болон монгол судлалын чиглэлээр суралцаж буй герман оюутнууд, залуу эрдэмтэд судлаачид мөн Монголын сонирхдог герман иргэд Берлин, Бонн, Лайпциг, Тюбинген зэрэг хотоос ирж оролцов.
Үзэсгэлэнг энэ оныг дуустал олон нийтэд нээлттэй толилуулна.